ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин салан тусгаарлагч Луганск, Донецк бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрсний дараа зүүн Украинд цэрэг оруулах тушаалыг Батлан хамгаалахын яамандаа өглөө. Ингэснээр үүсээд буй улс төрийн хямралыг дипломат аргаар шийдвэрлэх боломжгүй боллоо гэж зарим улс төр судлаач үзэж байна.
В.Путин өнгөрөгч шөнө хийсэн мэдэгдэлдээ Украин хэзээ ч жинхэнэ төрт ёсны уламжлалтай байгаагүй, барууны орнууд тус улсыг Оросыг устгах хэрэглэл болгон ашиглаж байна гэж буруутган, тун ууртай үг хэлжээ. Тэрбээр “Та(Украин) харилцаа холбоогоо таслахыг хүсэж байна уу. Бид Украинд бодит харилцаа холбоогоо тасалснаар ямар нөхцөл байдал үүсэхийг харуулахад бэлэн байна. Бүс нутагт “цус урсгасан” бүхний хариуцлагыг Украинд хүлээлгэнэ” гэж хэлснийхээ дараа салан тусгаарлагч Донецк, Луганскийн бүгд найрамдах улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэн босогчдыг хүлээн зөвшөөрөх тухай хоёр зарлигт гарын үсэг зурсан юм. Түүний мэдэгдлийн өмнөхөн ОХУ-ын арми Украины таван цэргийн амийг хөнөөсөн үйл явдал дэлхий нийтийг цочирдуулаад байв. Тодруулбал, өнгөрөгч шөнө ОХУ өөрийн нутаг дэвсгэрт төөрсөн Украины цэргийн хоёр машиныг устгаж, таван хүний амийг хөнөөсөн юм.
-ОЛОН УЛСЫН УДИРДАГЧИД В.ПУТИНЫ ШИЙДВЭРИЙГ ЭРС БУРУУШААЖ, ОХУ-ЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХАА МЭДЭГДЭВ-
Салан тусгаарлагч бүс нутгуудыг хүлээн зөвшөөрсөн түүний алхмыг олон улсын удирдагчид тун шүүмжлэлтэй хүлээн авлаа. Мэдэгдлийн дараа Цагаан ордон “ерөнхийлөгч Жо Байден Донецк, Луганск мужуудад чиглэсэн шинэ хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүжилтийг хориглох тухай зарлиг гаргана” гэж мэдэгдэв. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки "Орос олон улсын амлалтаа өнөөдөр илт зөрчсөнтэй холбоотой нэмэлт арга хэмжээг бид удахгүй зарлах болно. Энэ нь тус улс Украин руу довтлох юм бол АНУ-аас тавих хатуу хориг арга хэмжээнээс тусдаа зүйл” гэжээ.
Мөн Германы канцлер Олаф Шольцын хэвлэлийн төлөөлөгч Донецк, Луганскыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснийг "буруушааж" энэ алхам нь "Украины зүүн хэсгийн мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх Минскийн хэлэлцээртэй бүрэн зөрчилдөж байна" гэж мэдэгдэв.
Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли Путины шийдвэрийг буруушааж, "бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна" гэжээ. Мөн тэрбээр Канад болон манай холбоотнууд "олон улсын хууль тогтоомжийг үл тоомсорлож буй ОХУ-д хатуу хариу үйлдэл үзүүлэх болно" гэв. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель нар В.Путины үйлдэл "олон улсын хуулийг илт зөрчсөн" бөгөөд ЕХ "энэ хууль бус үйлдэлд оролцсон хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авна" гэж мэдэгдэв.
Их Британи Оросын эсрэг ямар хориг арга хэмжээ авахаа өнөөдөр зарлана гэж тус улсын Гадаад хэргийн сайд Лиз Трасс мэдэгдэж, ОХУ "олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан" үйлдлийн эсрэг нэн даруй хариу арга хэмжээ авна” гэлээ.
ВИДЕО:
Following Russia’s latest assault on Ukrainian sovereignty I spoke to @JosepBorrellF tonight. We agreed ?? and ?? will coordinate to deliver swift sanctions against Putin’s regime and stand shoulder-to-shoulder with Ukraine. pic.twitter.com/ZmzfCqaRBe
— Liz Truss (@trussliz) February 21, 2022
Эх сурвалж: Financial times, BBC, DW