Өчигдөр/2022.02.22/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин салан тусгаарлагч босогчдын бүс нутгийг хүлээн зөвшөөрсний дараа Украины зүүн хэсэгт цэргүүдээ оруулсан. Уг үйл явдлын дараа барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаа толгой дараалан мэдэгдэж, В.Путины үйлдлийг эрс буруушааж байна. Тэгвэл өнгөрөгч шөнө олон улсын тавцанд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.
-ОХУ УКРАЙН ДАХЬ ДИПЛОМАТ АЖИЛТНУУДАА НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЭВ-
ОХУ-ын Гадаад хэргийн яам дипломат ажилтнуудынхаа “амь нас, аюулгүй байдлыг нь хамгаалах үүднээс” Украинаас нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдлээ. Тус яам орос хэлээр гаргасан мэдэгдэлдээ “дипломат ажилтнууд маань ойрын хугацаанд Украинаас явна” гэжээ. 2014 онд болсон үймээний үеэр Киев дэх ОХУ-ын Элчин сайдын яам болон Одесса, Львов, Харьков дахь консулын газруудад олон удаагийн халдлага гарч байсан нь дипломатчдыг шилжүүлэх гол шалтгаан болсон гэж мэдэгдэлд онцолсон байна.
-НҮБ-ИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БАЧИГИЙН ДАРГА МЭДЭЭЛЭЛ ХИЙВ-
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Москва Оросын цэргүүдийг Украины зүүн нутгийн босогчдын хяналтад байгаа бүс нутагт "үйл ажиллагаа" явуулах тушаал өгч "энхийг сахиулах үзэл баримтлал гажуудсанд санаа зовж байна" гэж мэдэгдэв.
Тэрбээр “Аливаа улсын цэргүүд өөр улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч байгаа бол тэд энхийг сахиулагч огт биш" гэв. Энхийг сахиулагчаар цэрэг оруулах гэж байгаа ОХУ-ын үндэслэлийг АНУ өмнө нь "утгагүй зүйл" гэж үгүйсгэж байсан юм.
-МАРГААШ БОЛОХ БАЙСАН ОХУ-АНУ-ЫН УУЛЗАЛТУУД ЦУЦЛАГДАВ-
Францын Ерөнхийлөгч Эммуналь Макрон өнгөрсөн Даваа гарагт В.Путинтай гурван цагийн турш утсаар ярьж, маргааш буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр АНУ-ОХУ-ын хэлэлцээг товлоод байсан. Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой пүрэв гарагт хийхээр төлөвлөж байсан уулзалтаа цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр "Орос улс дипломат харилцаанаас татгалзаж байгаагаа тодорхой илэрхийлсэн тул энэ уулзалтыг үргэлжлүүлэх нь утгагүй хэрэг. Одоо бид түрэмгийлэл эхэлж байгааг харж байна. Орос улс мөргөлдөөн, дайны зам руу алхаж байхад бид дипломат арга хэмжээ авахыг зөвшөөрөхгүй. Оросын ерөнхийлөгчийн төлөвлөгөө бол Украиныг довтолж, Оросын нэг хэсэг болгон эргүүлэн авах явдал байсан” гэжээ.
-АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Д.ТРАМП В.ПУТИНЫ ШИЙДВЭРИЙГ “СУУТ УХААНТАН” ГЭВ-
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Владимир Путины Украин руу цэрэг оруулах тушаалыг "суут ухаантан" гэж нэрлэжээ. Барууны радио нэвтрүүлэгт оролцох үеэрээ Трампаас Путин Украин руу цэргийн хүч илгээхэд ямар хариу үйлдэл үзүүлсэн талаар асуужээ.
Харин Трамп "Өчигдөр зурагтаар энэ талаар олж сонсоод би “суут ухаантан” гэж хэлсэн. Путин тусгаар тогтнолоо зарлав. Энэ үнэхээр гайхалтай юм. Путин ямар ухаантай юм бэ” гэжээ. Бүгд найрамдах намын экс ерөнхийлөгч Путиныг магтаж, түүний залгамжлагчийг доромжилжээ.
-УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НӨӨЦИЙН ЦЭРГҮҮДИЙГ ДАЙЧЛАХАА МЭДЭГДЛЭЭ-
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ нөөцийн цэргүүдийг тодорхойгүй хугацаагаар дуудахаар болсон талаараа ярьжээ. Мөн тэрбээр хямралаас гарах дипломат арга замыг эрэлхийлсээр байгаа ч Украин Орост ямар ч газар нутаг өгөхгүй гэдгийг онцолсон байна. Түүний нэн тэргүүний зорилт бол Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах явдал гэжээ. Мөн Зеленский барууны орнуудын хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг сайшаасан байна.
-БАЙДЕН УКРАИНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ-
Жо Байден мягмар гарагт Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай уулзаж, АНУ "Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах амлалтыг” дахин өгсөн гэж Цагаан ордон мэдэгдэв.
Мөн Украинд аюулгүй байдлын тусламж, эдийн засгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ амласан байна.
Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд "Ерөнхийлөгч Байден АНУ болон түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, Украины эсрэг Оросын түрэмгийлэлд түргэн шуурхай, шийдэмгий хариу өгөхөд бэлэн байгаагаа дахин илэрхийлэв” гэжээ.