НАТО-ийн байлдааны онгоцууд бэлэн байдалд шилжсэнийг мэдэгдлээ

НАТО-ийн байлдааны онгоцууд бэлэн байдалд шилжсэнийг мэдэгдлээ

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулж, салан тусгаарлагчдыг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрснийг буруушаасан байр суурь илэрхийллээ.

Йенс Столтенберг өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “ОХУ олон улсын хуулийг бүдүүлгээр зөрчиж, ноцтой хурцадмал байдлыг үүсгэлээ. Үүсээд буй нөхцөл байдлаас харахад Орос Украин руу өргөн цар хүрээтэй дайралт хийхээр төлөвлөж байгаа нь тодорхой болж байна” гэжээ.

Мөн тэрбээр Хойд туйлын тойргоос Газар дундын тэнгис хүртэл зайд НАТО-ийн 120 гаруй байлдааны нисэх онгоц болон хөлөг онгоц бэлэн байдалд байгааг онцолжээ.

Өчигдөр/2022.02.22/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин салан тусгаарлагч босогчдын бүс нутгийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрсний дараа Украины зүүн хэсэгт цэргүүдээ оруулсан. Уг үйл явдлын дараа барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаа толгой дараалан мэдэгдэж, В.Путины үйлдлийг эрс буруушааж байгаа юм.

Эх сурвалж: ABCnews