Цар тахлын үед өрхийн эмнэлгүүд хүний нөөцийнхөө 50 хувийг алджээ

Цар тахлын үед өрхийн эмнэлгүүд хүний нөөцийнхөө 50 хувийг алджээ

Өрхийн эрүүл мэндийн төвийн холбооны нэгдсэн хурал өнгөрсөн баасан гаригт /2022.02.25/ болж өнгөрлөө. Хуралдаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдын төлөөлөл оролцов. 

2020, 2021 оныг дамнасан Коронавирусийн халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өрхийн эмнэлгүүд хүний нөөцийнхөө 50 хувийг алдсан байна. Шалтгаан нь ачаалалтай холбоотой гэж Өрхийн эрүүл мэндийн мэндийн төвийн холбооны тэргүүн Ш.Хажидмаа энэ үеэр мэдэгдлээ. 

Улсын хэмжээнд 206 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, 1326 эмч, 1334 сувилагч ажилладаг байна. Өрхийн эмнэлгүүд манай улсын нийт хүн амын 70 хувь буюу 2.4 сая иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Гэтэл өнөөдрийн байдлаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2000 орчим хүний нөөцийн орон тоо эзэнгүй байгаагаас нэг эмч, сувилагч нэг дор хоёроос гурван хүний ажлыг давхар хийдэг гэсэн судалгаа гарчээ. 

Коронавирусийн халдварын цар тахлын үед өрхийн эрүүл мэндийн төвийн дийлэнх ажилчид ачаалал, хүнд нөхцөл байдлаас болж ажлаасаа гарчээ. Энэ мэт хүний нөөцийн дутагдалтай асуудлыг шийдвэрлэхээр 2022 онд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтыг хоёр дахин нэмж 112 тэрбум төгрөг болгосон байна. Уг шийдвэр гараад хоёр сар болсон ч санхүүжилт нь орж ирээгүй гэж эмч, ажилчид мэдэгдлээ. Уг санхүүжилт шийдэгдвэл өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай мэргэжилтнүүдийг ажиллуулж, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэдгийг тус холбооноос мэдэгдсэн юм.