Маргааш буюу гуравдугаар сарын 1-нд Эх орончдын өдөр тохиож буй. Тэгвэл тус өдөр ОХУ, Украины хооронд үүсээд буй асуудлаар иргэний төрийн бус байгууллагууд нэгдэн үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал хийнэ гэдгийг “Nodoublestandart” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү, Ардчилсан намын Нийслэлийн хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга А. Цэрэнбат нар мэдэгдлээ.
Ардчилсан намын Нийслэлийн хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга А. Цэрэнбат “Маргааш буюу гуравдугаар сарын 1-ний өдөр Монголын Ардчилсан Холбооны болон Үндэсний хөдөлгөөний залуучууд нэгдэн Монголд дайн хэрэггүй, дэлхийд дайн хэрэггүй, зөрчил мөргөлдөөнөө зогсоохыг уриалж жагсана” гэв.
“Nodoublestandart” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү,“Орос Украины асуудал эхэлсний дараа Монгол улсын иргэд, оюутан дүү нар маань дайны бүсэд гацчихсан. Гадаад хэргийн яамны сайд бид 24 цаг ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн. Бид уулзах гэж очсон ч хаалттай хаалга мөргөсөн. Гадаад хэргийн яам иргэдээ авч чадсангүй, аюулгүй байлгаж чадсангүй. Засгийн газар хилийн цаана нэг монгол хүний эрх зөрчигдөхөд газар ямар ч хамаагүй үнээр хамгаалах ёстой шүү дээ.
21-р зуунд хүчирхийллээр асуудлаар шийдэж гэж оролдож буйг дэмжихгүй гэдэг үүднээс “Nоnaadam”, “Nodoublestandart”, “Хэвтүүл” зэрэг ТББ-ууд нэгдэн дуу хоолойгоо илэрхийлэхээр болсон. Иргэд нь дуу хоолойгоо өргөе, Монголын төр засаг нь байр сууриа илэрхийл. Монгол гэдэг бүрэн тусгаар улс байна. Монгол ийм байр суурьтай гэдгээ илэрхийлмээр байна. Оросыг дэмжих үү, Украиныг дэмжих үү аль эсвэл төвийг сахих уу гэдгээ илэрхийлмээр байна. Тиймээс маргааш ТББ-ийн залуучууд эвлэлдэн нэгдэж, иргэнийхээ хувиар төв талбайд цуглаж тайвнаар үзэл бодлоо илэрхийлнэ" гэв.