С.Мөнхнасан: Сүүлийн долоо хоногт манай улс дээгүүрх нислэгийн тоо 50 хувиар буурсан

С.Мөнхнасан: Сүүлийн долоо хоногт манай улс дээгүүрх нислэгийн тоо 50 хувиар буурсан

ОХУ, Украины нөхцөл байдалтай холбогдуулан манай улсын агаарын тээвэрт ямар өөрчлөлт гарч буй талаарх зарим мэдээллийг өнөөдөр /2022.03.02/ ИНЕГ-ын дарга өглө.  

Тэрбээр, “Өнөөдөр шинэ нисэх буудал болон Буянт ухаа нисэх буудлыг түшиглэсэн ачаа тээврийн төвийг бий болгох  талаар Засгийн газарт танилцуулга хийсэн. Мөн Украины нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн хэмжээнд Монгол улсын агаарын тээвэрт нөлөөлөх нөлөөлөл ямар байгааг танилцууллаа. 2019 онд Монголын агаарын зам дээгүүр 500 орчим онгоц өнгөрдөг байсан. Ковидын нөхцөл байдлаас болж өнгөрсөн хугацаанд 150 орчим агаарын хөлөг өнгөрч байгаад эргэж өсөөд 200 орчим болж байсан ч сүүлийн гурав хоногт 110-120 хооронд болж буурсан.

Сүүлийн долоо хоногоос манай нутаг дэвсгэр дээгүүрх өнгөрөлтийн нислэгийн тоо 50 орчим хувиар буурлаа. ОУ-ын байгууллагууд агаарын орон зай руу хязгаарлалт хийж байна. Ингээд ирэхээр Монгол улсын хувьд Ази-Европыг холбосон агаарын зам оршдогийн хувьд бол агаарын тээврийн компаниудын нислэгийн тоо эрс цөөрч байгаа. Цаашдаа 78 хувиар буурах эрсдэл байна гэж тооцоолж байна. Манай улс агаарын орон зайны хувьд нээлттэй байгаа. Агаарын тээврийн компаниудын нислэгийн үйл ажиллагаанаас хамаарч үйл ажиллагаагаа үзүүлж байна.

2022 оны МУ-ын төсвийн орлого бүрдүүлэлт дээр Иргэний нисэхийн ерөнхий газраас 150 тэрбумыг төвлөрүүлэх ёстой. Хэрэв дайны нөхцөл байдал үүсээгүй байсан бол урсгалаа нэмэгдүүлэх, агаарын тээврийн компаниудтайгаа хамтын ажиллагаагаа сайжруулах ажлын хүрээнд орлого нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна" гэв.