Хөгжлийн банкны нийт актив нь 3.2 их наяд төгрөг. Харин үүнээс 55.4 хувь буюу 1.6 их наяд нь найдваргүй зээл болоод буй. Тиймээс ч чанаргүй зээлдэгч нарын асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, зарим нэгийг нь цагдан хориод буй.
Тэгвэл "Монполимет" ХХК-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боломж олгохоор болжээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын хамаарал бүхий "Монполимет" ХХК нь 2014 онд Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларын зээл авсан байдаг. Харин өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 112.8 тэрбум төгрөг болсон бөгөөд зээлийн чанар нь хэвийн бус ангилалд орсон. Тиймээс 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн байна.
Харин тус компанийн удирдлагууд "Бид Хөгжлийн банкнаас авсан хөрөнгөөрөө бүтээн байгуулалт хийсэн. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа" гэдгээ онцолдог. Гэсэн ч Хөгжлийн банкны зээлээ төлөхгүй луу унжиж байгаа нь олны анхаарлыг татаж байсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанид боломж олгох чиглэл өгчээ. Тодотговол, энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ "Хөгжлийн банкнаас зээл авсан 2 цементийн үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байгаа.
Энэ жил 2 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр шалгарсан байгууллагууд дээрх 2 цементийн үйлдвэрээс цемент авч, төлбөрийг нь Хөгжлийн банканд тушааж, зээлээс нь хасаж, чанаргүй зээлүүдийг бууруулах зэрэг өөр ямар ажлуудыг санаачлан хэрэгжүүлж болох талаар судлахыг Ерөнхий сайд чиглэл болгосон" гэсэн юм.
Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын гишүүдийнхээ компанид ийнхүү боломж олгохоор болжээ.