ВИДЕО: Ж.Төмөрсүх "Өнчин бамбаруушнуудыг үхвэл үх гээд уулын тайгад тавих зүрх зориг надад байгаагүй"

ВИДЕО: Ж.Төмөрсүх "Өнчин бамбаруушнуудыг үхвэл үх гээд уулын тайгад тавих зүрх зориг надад байгаагүй"

Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн аав байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж, тэдний ээжийнх нь оронд ээж болж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Дошин хар, Номхон бор, Гэмшил гэх гурван бамбаруушны талаар Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй ярилцлаа.

 АНХ АГТ МОРЬ НАМАЙГ ХӨВСГӨЛ РҮҮ “ТОМИЛСОН”

-Та юуны түрүүнд байгаль хамгаалагч гэх энэ эрхэм мэргэжлийг сонгосон түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?

-Би Хөвсгөл аймгийн Улаан Уул сум буюу Дархадын цэнхэр хотгор гээд байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Монголын Швейцар гэгддэг газар төрж өссөн хүн. Бага насаа зүлэг ногоон дэвжээн дээр тоглож наадан, зурам жирх хөөн ан амьтан байгальтай хамгийн ойр ахуйд өссөн учраас байгаль хамгаалах, байгальтай ойр байх, танин мэдэх ийм амьдралын хэвшилтэй байсан. Энэ бол тэр үеийн хүүхдүүдийн эгэл жирийн амьдралын хэмнэл байсан. Түүний дундаас онцолж хэлбэл, манай аав тэр нутагтаа нэртэй анчин хүн байсан. Аавыгаа дагаж Хөвсгөлийн Хорьдол сарьдаг, Улаан тайга орчмоор хар багадаа долоон наснаасаа эхэлж дагасан. Ийм учраас байгальтай ойр байх нөхцөл бүрдсэн. Багаасаа ан амьтан, байгальтайгаа ойр ахуйд өссөн хүн Улаанбаатарт ажиллахаар анх томилогдсон юм. Гэтэл нэг өдөр хотод эгчийндээ хонож байхдаа морь янцгаахыг сонсоод сэтгэл хөдлөөд л тэр өдрөө тухайн үеийн Ойн модны аж үйлдвэрийн яаманд би хөдөө явлаа хотод ажиллахгүй, томилолт бичиж өгнө үү гэж хэлээд Монголын хамгийн цэнгэг устай Хөвсгөл нуурыг хамгаалах ажилд анх томилогдож байсан. Ер нь бол анх агт морь намайг Хөвсгөл рүү томилсон юм даа. Сонин түүх байгаа биз. Ингэж л амьдралынхаа 25 жилийг Хөвсгөл нуурыг хамгаалах ажилд зориулсан. Дараа нь 2012 онд Улаан тайгын тусгай хамгаалалттай газар байгуулагдахад төрсөн нутгийнхаа уул тайгийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай хүсэн хүлээсэн ажилд томилогдсон. Арван жил Дархадын цэнхэр Улаан тайгад ажиллаж байна.

-Үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан түүх юм аа. Улаан тайгыг хамгаална гэдэг үнэхээр амаргүй, басхүү бахдам алба байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Манайх гурван том дархан газар хариуцдаг. Улаан тайган дархан цаазат газар, Хорьдол сарьдгийн дархан цаазат газар, Тэнгис естийн байгалийн цогцолбор газар гэсэн Хөвсгөлийн хойд тайгыг ерөнхийд нь хариуцдаг. 1,6 сая га газар. Нийтдээ 43 байгаль хамгаалагч энэ тайгыг хариуцаж ажилладаг. Тайга гэдэг бол хүн бүхний явж очоод байх газар биш. Тийм хүнд нөхцөлд буй байгаль хамгаалагч бидний ажил бол мэдээж ажил хийх гэсэн хүсэл зориг байлаа ч байгалийн болон ажил үйлсийн асар их бэрхшээл байдаг. Тайга хамгаална гэсэн хүсэл эрмэлзэл, тэндээс авч буй таашаал, сэтгэл ханамж бас баяр баясал өгдөг. Эдгээрт байгаль хамгаалагчдын ажлын амт шимт, зовлон жаргал хоёр эн тэнцүү байдаг даа.

ЭХНИЙ БАМБАРУУШИЙГ НАЙЗ МААНЬ НАДАД БЭР ӨГЧ БАЙГАА ЮМ ШИГ МАШ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ ӨГСӨН

-Таныг Улаанбаатарт ирсэн энэ үед өмнө нь мэдээлэл авч байсан гурван бамбаруушныхаа талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Бяцхан бамбаруушнууд анх танд ирсэн түүх их сонин юм билээ?

-Үнэхээр тийм шүү. 2021 он их сонин намар Монголын нутаг дэвсгэрт хүрэн баавгай тал талаас орж ирээд зарим нь алагдаж, зарим нь баригдаж, зарим нь хөөгдөж, суурин газар орсноос хүмүүс айж сандрах, төр захиргааны байгууллагуудад ажил, ачаалал нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Түүний нэг нь Ховд аймгийн Дөргөн сумаас нэг жижиг бамбарууш Увс аймгийн байгаль орчны газрынхан барьж авчирсан юм. Байгаль орчны яам болон манайхаас бамбаруушийг Улаан тайгад аваачиж тавь, Төмөрсүхэд аваачиж өгье гэсэн. Тухайн үед Улаан тайгад цас орчихсон, газар хөлдөж, өвөл болчихсон байсан. Бамбарууш битгий хэл том баавгай ч ичихэд хүндрэлтэй үе байсан. Нэгэнт асрах ээжгүй, өнчирсөн, биеэ даах чадваргүй амьтныг үхвэл үх гэсэн шиг уул тайгад тавих зүрх, байгаль хамгаалагч хүний хувьд байгаагүй. Ингээд байгууллага дээрээ авч ирээд, тор хашаа хороо бариад хүлээж тавья гэсэн. Бамбаруушийг Хатгалд хүлээж авахад Увсын биологич Буянцог бамбаруушийг надад бэр өгч байгаа юм шиг өгсөн. Тэр хүн байгаль хамгаалагч, биологич хүн тэр амьтанд маш хүндэтгэлтэй хандсан. Шинэ дээлээ өмсөөд, хадаг бариад, нэг хайрцаг алим зэрэг хоол ундтай нь надад гардуулж өгсөн. /Инээв/ Ингээд би бамбаруушийг аваад чиргүүлдээ ачин Улаан Уулд тэжээхээр авчирсан. Гарт орсон баавгайг ичээх гээд нүх малтсан байсан. Гэтэл дахиад нэг баавгайн сураг гарсан. Дахиад чамд аваачиж өгнө гэсэн. Нэгэнт нэг баавгай авчихсан юм чинь хоёр дахийг нь цаашаа гэлтэй биш гээд авсан. Баавгайн ерөнхий зан төрх нь эзэрхэг. Тиймээс эхэнд ирсэн баавгайг торонд нь хэд хонуулаад, шинэ ирэх бамбарууштай хамт зэрэг үүрэнд нь тавьсан. Хоёр дахь бамбарууш нь Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд дөрвөн ухна барьж идсэн хэрэгтэй нөхөр байсан. Нөгөөх нь хэрэг багатай. Хоёуланг нь зэрэг тавихад нүх рүү ороод алга болсон. Би хээрийн камер тавьтал шөнө нь гарч ирээд хоол хүнсээ идэж байсан. Ингээд л баавгайтай өвөлжих ажил эхэлсэн дээ.

Тэгж байтал дахин нэг баавгайн сураг сонсогдож, Хөвсгөл аймгийн Түнхэл суманд нэг жижиг баавгай баригдаад, хүргэгдэж ирсэн. Тэр нөхөр бас гурав, дөрвөн ямаа идсэн хэрэгтэй. Сүүлд ирсэн баавгайг нөгөөдүүл нь нүхрүүгээ оруулахгүй нэлээн удсан. Тэгээд нөгөөдүүлийнхээ торыг таглаж байгаад дахиж нүх ухсан. Өвлийн хүйтэнд нүхэндээ ээлжилж орж байсан ч хааяа даа муудалцана. Бид өөрсдөөр нь үүрийг нь засуулна гэж өвс хашаа руу нь хийтэл өвсөө зөөж эхэлсэн. Тоглог гэж бодоод бөмбөг ч тавьж өгсөн. Гэтэл өгсөн юм бүхнийг үүр рүүгээ авч ороод байсан юм. Тэгээд л нүх нь хогоор дүүрэх нь гээд больсон.

-Та бамбаруушнууддаа их хөөрхөн нэрнүүд өгсөн байсан. Нэрнийн талаар сонирхуулаач?

-Эхнийх нь хүлцэнгүй, догшин ааш араншингүй учраас Номхон бор гэж нэрлэсэн. Хоёр дахь их ширүүн догшин, хүн рүү байнга дайрдаг байсан учраас Догшин хар гэж нэр өгсөн. Сүүлийнх нь дөрвөн ямаа идсэн хэрэгтэй гэмшиж байгаа мэт байнга доошоо хардаг байсан учраас Гэмшил гэдэг нэр өгсөн. Баавгайн ааш араншин их ширүүн. Бид аль болох хүнд дасгахгүйг хичээж байгаа. Яагаад гэвэл бид энэ баавгайнуудыг насаар нь тэжээж чадахгүй шүү дээ. Мөн янз бүрийн эрсдэл гарна, хүн амьтан барьж магадгүй. Тиймээс аль болох нүхэнд нь байлгаж байгаад уул тайгад нь амар амгалан, өөрийнх нь амьдрах орчинд тавина гэсэн ийм л зорилготой.

-Бамбаруушнуудаа та бүхэн юугаар тэжээж байгаа вэ?

-Хоол тэжээлийн хувь алим банана, усан үзэм, молоко, ундаа зэрэг чихэрлэг зүйл маш их дуртай. Махан хоолонд мэдээж дуртай. Харин гашуу төрлийн зүйлд бол дургүй юм билээ. Алим өдөр бүр худалдаж авах хэцүү. Хоол яаж олох уу гэж явсаар байгаад Мөрөнд жимсний дэлгүүрийн эгчтэй танилцсан. Тэр хүн баавгайд маань дэлгүүрийнхээ зарагдахгүй болсон жимснээс өгдөг болсон.  Мөн цувдай, жаахан мах зэргийг будаа гурилтай чанаж өгдөг. Мөн зориулалтын нохой муурын хоолыг махны амт оруулаад өгдөг.

НЭГ БАМБАРУУШ МААНЬ ИЧСЭН БАЙХ. УНТААД БОССОН НОЙРМОГ БАЙНА УУ ГЭМЭЭР БАЙДАЛТАЙ БАЙГАА

-Бамбаруушнууд нь энэ жил ичиж чадаагүй юу?

-Баавгай өвөл ичдэг учраас бид нарын гол зорилго баавгайнуудыг ичээх байсан. Баавгай зохиомол үүрэнд ичиж болох уу гэдгийг харах нь нэг талаараа туршилтын ажил байсан л даа. Гэхдээ тухайн үед газар хөлдчихсөн байсан учир бид нар том нүх ухаж чадаагүй. Тиймээс баавгайд тааламжгүй байсан байж магадгүй. Дээрээс нь дуу чимээ машин тэрэг яваад байвал баавгай ичиж чадахгүй. Хээрийн ичээ дуу чимээгүй, тайван байдаг. Бид хоол өгөөд байгаа болохоор ичихгүй байгаа юм байна гэж бодоод хоолоо хоёр, гурван хоног хассан. Гэтэл өлсөөд ааш зан нь ширүүсэж эхэлсэн. Орилолдож, хоорондоо барьцалдаж эхэлсэн. Нэг өдөр тэд нар үүрээ цэвэрлэж эхэлсэн. Гурав дөрвөн шуудай хүрэхүйц юмнууд гаргаад тавьчихсан байсан. Бид одоо ичиж гэж байгаа юм байна гэж ойлгон, нэмж өвс тавьж өгсөн.Гэтэл нэг баавгай цагаан сарын өмнө нүхнээсээ гарч ирэхээ больчихсон. Ер нь хоолонд их дургүй нөхөр байсан. Гэмшил. Бараг сар болсон байх. Тэгээд саяхан долоо найман хоногийн дараа гарч ирсэн. Унтаад боссон нойрмог байна уу гэмээр байдалтай байгаа. Саяхан Австралийн баавгай судлаач, баавгайд өндөг өгвөл зүгээр юм болов уу гэхээр өгч үзсэн. Дөрвөн өндөг идсэн. Би тэр баавгайг бараг иччихсэн юм болов уу гэж бодсон.

ИХЭНХ ТОХИОЛДОЛД БАЙГАЛИЙН АМЬТАНГ БАЙГАЛЬД НЬ ТАВИХААР ШУУД Л ЦААШАА ЦУГТАЖ БАЙСАН. БААВГАЙН ХУВЬД ЯАХЫН ҮНЭХЭЭР МЭДЭХГҮЙ Л БАЙНА

-Бамбаруушнуудаа хэдэн сард байгальд нь тавина гэж төлөвлөж байгаа вэ?

-Таван сард байгаль дэлхий дэлгэрээд, өвс ургамал ургаад ирэхээр баавгайн хоол элбэгшээд ирнэ. Тэр үед нь хүч тэвээрэг сайтай баавгайг баавгайн эх орон буюу Их тайгад аваачиж тавина гэж төлөвлөж байгаа. Ингэж л байж дараа намар ууланд өөрөө хоолоо олж, бие дааж ичих нөхцөл бүрдэнэ. Нэгэнт жижигхэн баавгайнууд учраас гурван сараас хойш эрчимтэй тэжээнэ. Яагаад гэвэл тэд маань байгаль дахь баавгайгаас дутахааргүй хүч чадалтай байх ёстой. Байгальд янз бүрийн аюул гарч ирнэ шүү дээ. Хээрийн баавгай ирэхэд өөрийгөө хамгаалах чадвартай, хүч тэнхээтэй байх ёстой. Тиймээс одооноос эрчимтэй уураг, тэжээлтэй зүйл өгч байгаа. Мөнгө олдвол нисдэг тэргээр тайгад нь зочлуулна. Олдохгүй бол үүрээд явна гэж бодож байгаа. Ямар ч байсан суурьшлын бүсэд тавихгүй. Их тайгад нь гаргана.

-Бамбаруушнуудыг байгальд нь эргүүлэн тавихад буцаад тайрах эрсдэл гарч магадгүй болов уу?

-Тийм ээ. Энэ бол яах аргагүй сэтгэл түгшээж, санаа зовоож байгаа зүйл. Торноос нь гаргаад тавих үед буцаад дайрахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс л нисдэг тэргээр буулгаад буцаад зугтах нь хамгийн зөв арга гэж бодоод байгаа юм. Үнэхээр нисдэг тэрэг олдохгүй бол эрсдэлийг тооцоод өөрсдийгөө хамгаалах зүйл авч яваад өөрсдөө торондоо орж байгаад ч болов байгальд нь тавина даа. Гэхдээ ихэнх тохиолдолд байгалийн амьтаныг байгальд нь тавихаар шууд л цаашаа зугтаж байсан. Баавгайн хувьд яахын үнэхээр мэдэхгүй л байна.

-Та ер нь бамбаруушнаас өөр ямар амьтан тэжээж байв?

-Би ер нь амьтан тэжээх сонирхолтой. Ажлын шаардлага ч тэгэж таардаг. Миний хувьд буга, гахай, шилүүс, үнэг, галуу, хун, чоно, бамбарууш гээд олон амьтан тэжээж асарч байсан.

-Зэрлэг амьтан тэжээхэд мэдээж саад бэрхшээл, эрсдэл их байдаг байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Зэрлэг амьтан гэдэг бол зэрлэг амьтан. Тиймээс маш болгоомжтой, аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт тавьж хандах хэрэгтэй. Түүнээс энэ миний амьтан, намайг танина, би тэжээж байгаа юм гэдэг үүднээс аархуу хандаж огт болохгүй. Ер нь амьтад хоолоо идэх үедээ зэрлэг авир нь тод илэрч гардаг.

-Ярилцсанд баярлалаа.