МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Англи улсын компанид давхар даатгалтай байдаг тул Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, ажиллагааг маш өндөр түвшинд хангах зорилгоор дараах чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 5-ны өдрийн ОМ137/ОМ138 дугаарт Улаанбаатар–Москва–Франкфурт–Москва–Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт орууллаа. Ингэснээр Улаанбаатар–Бишкек–Истанбул–Франкфурт–Истанбул –Бишкек–Улаанбаатар чиглэлээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Европын чиглэлийн нислэгүүдийн замд ийнхүү өөрчлөлт оруулснаар:
Нислэгийн үргэлжлэх хугацаа нэг талдаа 3 цаг 10 минутаар нэмэгдэнэ.
Нислэгийн цагийн хуваарь: 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн Улаанбаатарын цагаар 06:30-д хөөрч, орон нутгийн цагаар гуравдугаар сарын 5-ны өдрийн 13:50 цагт Франкфурт хотын Олон улсын нисэх буудалд бууна. Тийзийн үнэд өөрчлөлт орохгүй хэмээн МИАТ мэдээлэв.