Өнөөдөр /2022.03.10/ Туркийн Анталия хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба нарын уулзалт болж өндөрлөсөн байна.
Хоёр орны гадаад хэргийн сайд нарын анхны уулзалтаар, “Гал зогсооход ахиц гараагүй” байна.
Тодруулбал:
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, “Нутаг дэвсгэрийн хамгаалалтын хүчин гэж нэрлэгддэг хүмүүс энгийн иргэдийг барьцаалж, тэднийг “амьд бамбай” болгон ашиглаж байна. Хүмүүнлэгийн коридорыг өдөр бүр нээх санаачилга хүчин төгөлдөр хэвээр байгаа” гэж мэдэгджээ. Мөн тэрээр, “Украиныг зэвсэг, хөлсний цэргүүдээр хангаж байгаа хүмүүс өөрсдийн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх болно” гэж нэмж хэлсэн байна.
Харин өнгөрсөн шөнө Оросын арми Мариуполь хотын амаржих газар, хүүхдийн эмнэлгийг бөмбөгдсөн нь Дэлхийн нийтийн дургүйцлийг хүргээд буй. Энэ үйл явдлын талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, “Мариуполь дахь амаржих газрыг Азовын батальон эзэлсэн, энэ нь тэдний бааз байсан” гэж мэдэгджээ. Мөн “В.Путин В.Зеленскийтэй уулзахаас татгалзаагүй бөгөөд хэзээ нэгэн цагт ийм хэрэгцээ гарч ирнэ гэж найдаж байна” С.Лавров нэмж хэлсэн байна. Мөн тэрээр, "Бид хэзээ ч дайныг хүсээгүй, одоо ч хүсэхгүй, бид энэ дайныг дуусгахыг хүсч байна" гэжээ.
Харин Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба, “Хоёр тал Украинд хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр тохиролцсон. Хэрэв томоохон хэлэлцүүлэг өрнүүлж, шийдэл хайх боломж байгаа бол энэ форматаар дахин уулзахад бэлэн байна” гэжээ. Мөн тэрээр "Украины дайныг зогсоож, Украины энгийн иргэдийн зовлон зүдгүүрээс салгаж, нутаг дэвсгэрээ Оросын эзлэн түрэмгийлэгч хүчнээс чөлөөлөх зорилгоор би энэхүү байлдааны ажиллагааг дипломат аргаар шийдвэрлэхэд бэлэн байгаа ч одоохондоо тийм зүйл алга" гэсэн бол, мөн "НАТО Украины аюулгүй байдлыг хангахад бэлэн биш байна" гэжээ.
Эх сурвалж: BBC
Varmalov news