Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ эхэллээ

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ эхэллээ

Нийслэлийн Хот тохижилтын газар төвийн 6 дүүргийн төв магистрал болох 181,3  км автозамын цэвэрлэгээ, Нийслэл хүрээ, Чингис, Энхтайваны өргөн чөлөөний дагуух нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал, хөшөө дурсгалыг угааж цэвэрлэж эхэллээ.

Хот тохижилтын 800 гаруй ажилтан өнөөдөр, маргааш цэвэрлэгээг хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга Ц.Гансүх энэ талаар“Манай байгууллага хавар цас ханзарч, газар бараантсаны дараа түүвэр цэвэрлэгээ хийдэг. Цэвэрлэгээ хийдэг үйлчлэгчдээс гадна хогийн цэгт ажилладаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 51 албан хаагч оролцон, Офицеруудын ордноос Зүүн дөрвөн зам хүртэлх талбайг цэвэрлэнэ. Хотыг цэвэр байлгах нь ганцхан Хот тохижилтын газрын үүрэг биш. Иргэд, төрийн болон ТББ-ын ажилтан албан хаагчид “Би хоггүй” аянд нэгдэж, хотынхоо өнгө үзэмжид хувь нэмэр оруулахыг уриалъя” гэв. 

Бусад дүүрэг ч их цэвэрлэгээнд нэгдэж, гудамж талбай, нийтийн эзэмшлийн хайс, хашлага, сандал, хөшөө дурсгалыг угааж цэвэрлэхэд нэгдэх аж.