Ерөнхий сайдын дүү эрлийз морины лобби бүлэглэлийг толгойлж явна

Ерөнхий сайдын дүү эрлийз морины лобби бүлэглэлийг толгойлж явна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь шадар сайдаар ажиллаж байхдаа “Монгол наадамд Монгол морь” уриаг гаргаж, эрлийз адууг уралдуулахгүй гэж хатуу шийдэж М.Энхболдын тэргүүлж байсан Морин спорт уяачдын холбоотой гүнзгий зөрчилдөж байсан түүхтэй. Уяачдын дунд “М.Энхболд эрлийз морины лоббиг олон жил хаацайлж ирсэн” гэсэн яриа байдаг. Харин У.Хүрэлсүх үүнийг нь зоригтой таслан зогсоосон гэж талархах нь бий. Тэдний зөрчил эцэстээ У.Хүрэлсүхийн ялалтаар төгсөж эрлийз морь уралдуулдаг томчууд нэг хэсэгтээ чимээгүй болсон.

Тэгвэл эрлийз адууны лобби бүлэглэл саяхнаас дахин идэвхжиж эхэлсэнд уяачид сэтгэл түгших болжээ. Хамгийн хоржоонтой нь эзэн Чингис хааны өлгий, Монгол морьдын түүх соёл, удам угшлын гол нутаг болсон Хэнтий аймагт эрлийз адууны лобби бүлэглэл идэвхжээд эхэлжээ. Тэр бүү хэл тэдний дунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэх оройлох үүрэгтэй оролцож явна гэж нутгийнхан нь гайхшрах боллоо.

УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрог, орон нутагтаа саяхан ажиллаад ирсэн. Хэнтий нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч аймгаа тойрч иргэдтэй уулзалт хийсэн аж. Гэтэл УИХ-ын гишүүдийн уулзалт болсноос 1-2 өдрийн зайтай “Сэцэн ханы хүлэг” Монголын морин спорт уяачдын холбооныхон сум бүрт уулзалт зохион байгуулж бэлэн мөнгө, бэлэг сэлт тараасан байна. Тус холбоо нь М.Энхболдын байгуулсан Монголын уяачдын холбооны Хэнтий нутаг дахь салбар бөгөөд өнөөг хэр эрлийз адууны лоббиг ил тод дэмждэгээрээ алдартай ажээ. Тус холбооны тэргүүнээр “Монголросцветмент” төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогч захирал Н.Тэгшжаргал сонгогдсон бол Ерөнхий сайдын дүү Б.Баярнэмэх дэд тэргүүнээр нь сонгогдсон юм байна. Тэд хамтдаа сумаас сум дамжин төрийн өмчит үйлдвэрийн газрын унаа тэрэг хөлөглөн, сугалаа зохион байгуулж, иргэдэд бэлэн мөнгө бэлэг сэлт тараасан байна.

М.Энхболдыг эрлийз морь уралдуулдаг, МАНАН бүлэглэлийн толгойлогч гэх мэтээр элдэв янзаар балбаж унагасан өнөөгийн төр засгийн удирдлагууд маань эргээд М.Энхболдын үүсгэн байгуулсан эрлийз адууны лобби бүлэглэлийн далбаан дор нэгдэх болсонд Хэнтий нутгийн уяачид ихээхэн гайхаж байгаа аж.

Зарим нь “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн сонгуульд зориулж уяачдын сүлжээгээ байгуулж байна. Эрлийз морины лобби бүлэглэлтэй нийллээ” гэж байгаа бол өөр нэг хэсэг нь “Удахгүй болох баяр наадмын хуулиар эрлийз адууныхан том лобби хийх гэж байна, Үүнд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч хутгалдчихсан бололтой” гэж хардаж байна. Энэ жил ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтад нь тэмдэглэнэ. Түүхэнд байгаагүй их морьдыг уралдуулна гэсэн төсөөлөл байгаа. Тэгвэл нэр нөлөө бүхий эрхмүүд эрлийз морины лобби бүлэглэлтэй сүлбэлдэх болсноор түүхэнд байгаагүй хэл амтай наадам болох вий гэсэн болгоомжлол уяачдын дунд төрөх болжээ.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө