Ц.Оюунбаатар: Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барихад төрөөс дэмжлэг шаардлагатай байна

Ц.Оюунбаатар: Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барихад төрөөс дэмжлэг шаардлагатай байна

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос хуванцар хог хаягдлын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан хийж буй ажлаа танилцуулж, хог хаягдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.  

МХЭАХНҮХ-ны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Монгол Улсад жилд 3 сая гаруй тонн хог хаягдал гардаг. Түүний 20 хувийг хуванцар хог хаягдал эзэлдэг. Хуванцар хог хаягдал газарт шингэхэд 100-1000 жил шаардлагатай байдаг. Харин энэ хугацаанд хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хорт бодисыг ихээр ялгаруулсаар байдаг. Тэгвэл Монгол Улсад хог хаягдлын үйлдвэрүүдийг барьснаар хог хаягдал эрс буурах нь тодорхой. Цаашлаад иргэд хогийг мөнгө болгож болох, байгаль эрүүл мэндээ хамгаалах гэхчлэн олон давуу талууд харагдаж байгаа юм.

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбоо байгуулагдсанаас хойш төрийн болон хувийн хэвшилийн байгууллагууд мөн иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагаа явуулж иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж гарц шийдэл эрэлхийлдэг. Энэ удаа тус байгууллага 21 аймаг 330 суманд хуванцар хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр болон үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ажлын явц хэдийнээ эхэлсэн ч гаалийн татвар , иргэдийн оролцоо гэх мэт шаардлагатай ч өндөр өртөгтэй эсвэл хүн хүч хэрэгтэй асуудлуудын талаар дурдлаа. Тиймээс хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барихад иргэдийн оролцоо болон төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа" гэдгийг онцоллоо.

О.Соёлмаа