МАК цемент 26, Монцемент 28 хувиар үнээ өсгөснөө "Нэмэхээс өөр аргагүй байсан" хэмээн тайлбарлажээ

МАК цемент 26, Монцемент 28 хувиар үнээ өсгөснөө "Нэмэхээс өөр аргагүй байсан" хэмээн тайлбарлажээ

Цементийн зах зээлийн үнэ нэмэгдсэн нь асуудал дагуулаад байгаа. Тэгвэл өнөөдөр Барилга хот байгуулалтын яамнаас эл асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр "Цементийн хувьд хомсдол үүссэн зүйл байхгүй. Харин үнэ нэмэгдсэн гэдгийг яамнаас онцоллоо. Тодруулбал, "Мөнхийн түмэн гал" цемент 16 хувь, Хөтөл 24 хувь, МАК цемент 26 хувь, Монцемент 28 хувиар цементийн үнээ өсгөсөн. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан БХБЯ болон ШӨХТГ, МХЕГ-ын удирдлагуудтай шуурхай хуралдсан. Шадар сайд С.Амарсайхан цементийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хоёр чиглэл өгсөн.

  • Нэгдүгээрт, цементийн үнийн өсөлт бодит байна уу үгүй юу гэдгийг яаралтай тогтоож гаргах,
  • Хоёрдугаарт, цементийн үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзаж, цементийн үнийг яаж буулгах, тогтвортой байлгахад хамтарч ажиллах боломж байгааг судлах чиглэл өгсөн.  

Энэ дагуу уулзалт зохион байгуулахад үйлдвэрийн удирдлагууд "Үнэ өсөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэн. Цемент үйлдвэрлэхэд шаардлагатай бараа материалын үнэ нэмэгдсэн. Тухайлбал түлш, тээвэр, нүүрс, ажиллах хүчний зардал, шохойн чулуу зэргийн үнэ тодорхой хувиар нэмэгдсэн нь үнэ нэмэх шалтгаан болсон гэдгийг онцолсон" гэдгийг тодотголоо. 

Мөн Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа энэ үед баригдаж буй болон царцсан барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд Монгол Улс цемент, арматурын нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Орос болон Хятад улсаас худалдан авсан арматур хараахан орж ирээгүй. Одоогоор 80 мянган тонн нөөц байгаа ч цаашид нөөцлөх хангалттай” гэв.