УИХ-ын Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүргийг давхар орлож байгаа Б.Жавхлан танилцууллаа.
Энэ үеэр Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол "Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын хэрэгцээнд авсан. Өнөөдөр зөвхөн 1000 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг оруулж ирж байна.
Гол нь аялал жуулчлалын салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн төлбөрт бооцоо тоглоомын дагалдах үйлчилгээг хуульчилж оруулж ирсэн. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн, залуус очиж ажиллаж амьдрах боломжтой ажлын байр бий болсон хөгжлийн агуулга бий болно. Өмнөх алдааг давтахгүйн тулд төр хувийн хэвшлийн түншлэлээр явагдах хууль эрх зүйн орчин санхүүжилтийн механизмыг маш тодорхой болгож тогтвортой байдлын гэрээ байгуулж газар олголтыг дэмжих ёстой юм билээ.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн 1000 га газарт санхүүгийн чадавхтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай аж ахуй нэгжүүдэд дуудлага худалдаагаар олгох, шилэн байлгах бололцоог олгоно гэсэн бодолтой байна. Нөгөө талаас тус чөлөөт бүсэд мэдээлэл технологийн төвийг байгуулахаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй IT чиглэлийн компаниудтай уулзалт хийхэд бүрэн боломжтой гэж үзсэн.
УИХ, Засгийн газраас өмнө батлагдсан Чөлөөт бүсийн тухай хууль түүнийг дагаж татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд хангалттай сайн боловсруулагдсан юм билээ. УИХ эдийн засгийн чөлөөт бүсийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан хууль бол эдийн засгийн чөлөөт бүсүүдийг амь “орох” ажиллах бүх боломжийг хангасан юм билээ. Тиймээс санхүүгийн төв байгуулах олон улсын санхүүгийн төвийг бий болгох асуудлыг Засгийн газар, УИХ-тай зөвшилцөж тодорхой шийдвэр гаргах шаардлага бий.
Аялал жуулчлалыг татсан бизнесийг бий болгох, хүний урсгалыг Монгол руу татан оруулахын тулд Казино байгуулах хуулийн төсөл өргөн барина. Хуулийн төсөл нь явж байгаа. Энэ дээр ажлын хэсэг сайн сууж ажиллаж байж оруулж ирэх байх" гэлээ.