УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2022.03.17/ Ховд аймгаас олдсон тэмээн хяруулын өндгийг Палентологийн хүрээлэнд хүлээлгэж өглөө.
Тэрбээр энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Аймгийн төвийн айлуудыг цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг хийж байгаа. Энэ ажлыг гүйцэтгэж буй компани экскаватораар газар ухах үеэр энэ өндөг гарч ирсэн. Уг өндгийг өнөөдөр Палентологийн хүрээлэнд хүлээлгэн өгөх гэж байна. Судлаад юуны өндөг, хэдэн жилийн настайг нь тогтоох байх. Судалж дууссаны дараа Ховд аймгийн музейд хадгалуулах хүсэлтэй байгаа.
Өмнө нь манай аймгаас 2200 жилийн өмнө хэрэглэж байсан эмээл олдож байсан. Тэр эмээл Улаанбаатарт ирээд л сураггүй болсон. Уг нь орон нутгийнхаа музейд тавьбал сайн. Мөн 1400 жилийн настай Алтайн ятга гэж хөгжмийн зэмсэг Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэр Жаргалант уулын бэлээс олдож байсан. Мөн Мөнххаан сумын нутгаас 700-800 жилийн түүхтэй Адидас гутал олдсон.
Ховд аймагт эртний эд өлгийн зүйлс хадгалах зориулалтын музейгүй. Тэгэхээр ойрын хугацаанд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн музейг барина. Үүний дараа олдворуудаа Ховдын музейд байрлуулж, орон нутгийн иргэдэд үзүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэж үзэж байна" гэлээ.
Харин Шинжлэх ухааны академийн Палентологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар "Өндөг олдсон газарт нь судалгаа хийх ёстой. Судалгаагаар хэдэн сая жилийн өмнөх өндөг гэдгийг тогтооно. Одоогоос нэг сая жилийн өмнө амьдарч байсан Тэмээн хяруулын өндөг байх магадлалтай. Өмнө нь бид бутарч, хагарсан хальс л олдож байсан. Харин энэ өндөг бүтнээрээ байгаа нь их онцлогтой. Хадгалалт их сайн байна.
Соёлын өв хамгаалах хууль шинэчлэгдсэн. Энэ хуульд "Дэд бүтэц, уул уурхай, газар шорооны ажил явуулахдаа палентологийн судалгааг хийх ёстой байдаг. Тэгэхээр Ховдод дэд бүтцийн ажил хийж байсан компани нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлсэн байна. Палентологийн судалгаагаар газарт ил байгаа зүйлийг судалдаг" гэлээ.