Их аварга Тэрүнофүжи, Озэки Митакэүми нар өвдөг шороодлоо

Их аварга Тэрүнофүжи, Озэки Митакэүми нар өвдөг шороодлоо

Сумо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 5 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/-той учраа таарч барилдан түүнд  ошитаоши мэхээр унаснаар 3 даваа, 2 унаатай  болов.

Харин Тамаваши 2 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энэ өдөр шинэхэн Озэки Митакэүмитэй Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар энэ башёд Озэки Митакэүмиг давсан анхны бөх болж 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.  Озэки Такакейшо энэ өдөр Мэйсей /М-3/-тэй хүч үзэн түүнийг ошидаши мэхээр давж 3 даваа, 2 унаатай боллоо.

Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Сэкиваке Вакатакакагетэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай болов. Харин Ичиножёо А.Ичинноров /М-2/ энэ өдөр Эндо /М-4/-той хүч үзэж түүнийг ёрикири мэхээр  хаяж 3 даваа, 2 унаатай болоод байна. Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Тобизарюү /М-9/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай боллоо.

Эх сурвалж: Монцамэ