ШУУРХАЙ: Ял эдэлж буй хүмүүжигч Э-д хүн амины хэрэг хилсээр "тохох"-ыг завджээ

ШУУРХАЙ: Ял эдэлж буй хүмүүжигч Э-д хүн амины хэрэг хилсээр "тохох"-ыг завджээ

Хуулийн байгууллагаас гэмгүй иргэнд хэрэг тохож, хилс хэрэгт гүтгэсэн гэх асуудал үе үе гардаг. Тухайлбал, саяхан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид бүлэглэн иргэн Д-д "эзэнгүй 15 хэрэг тохож, хилсээр гүтгэсэн" хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу

Тэгвэл эрхээ хасуулж, цагдан хоригдож байгаа хүмүүжигчийг хүн амины хэрэгт холбогдуулан, хилс хэрэг тохохыг завдсан хэрэг мөн гарчээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409-р хаалттай хорих ангид ял эдэлж буй Э-г хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж, түүнд уг хэргийг тохохыг завдсан байна. Хүмүүжигч Э нь энэ талаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409-р хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаанд хийгээгүй гэмт хэрэгт сэжиглэгдэн удаа дараа байцаагдаж сэтгэл санаа, эрүүл мэндийн гүн дарамтад орсон.

Харин өмгөөлөгч М нь миний хохирч буй эрхийг хамгаалахын төлөө уйгагүй ажилласны хүчинд уг хилс хэргээс намайг чөлөөлж, цагаатгасан шийдвэрийг би хүлээн авсан. Монгол Улсын эрх зүйт хуулийн төр, хүний эрхийг дээдлэх зарчим ялж, өмгөөлөгчийн өндөр мэдлэг, төгс чадварын ачаар миний бие болон манай гэр бүл хүнд дарамтаас ангижирлаа” хэмээжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүмүүжигч Э нь шүүхээс 15 жилийн хорих ял сонссон нэгэн аж. Түүнийг ял эдэлж байх хугацаанд нь хуулийн байгууллагаас "хөлдөж нас барсан хүний хэрэг"-ийг холбогдуулан шалгасан байна. Энэхүү үйлдлийг хүмүүжигч Э болон түүний ар гэрийнхэн “хилс хэрэгт тохох гэж байна” хэмээн хүлээн авч, сэтгэл санаа болон бие мах бодийн хохирол амсчээ. Ямартай ч эзэнгүй гэх хэргийг энэ мэтээр өндөр ялтай, ар гэрийн гачигдалтай хүмүүст "наах" гэж оролддог байж болзошгүй гэх олны хардлагын нэгэн жишээ нь эл хэрэг болж байх шиг.