Tovch.mn сайтын сэтгүүлч, Ulsturch.mn сайтын зураглаач нар дайны нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Украинд ажиллаж байна. Тус хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Оросын Шинжлэх ухаан соёлын төвөөс /РЦНК/ санхүүжилт авч Украин явсан мөн ОХУ-ын талд мэдээлэл сурвалжлага бэлтгэсэн гэх шүүмлжлэлийг олон нийтийн зүгээс өрнүүлж буй. Тэгвэл Украин руу явах болсон шалтгаан болон сэтгүүлч О.Эрдэнэдавааг ямар нөхцөл байдалд ажиллаж буй талаар Тovch.mn сайтын эрхлэгч Т.Оюумаатай ярилцлаа.
ВИДЕО:
-ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБООНЫ ШУГАМААР СЭТГҮҮЛЧЭЭ УКРАИН РУУ ЯВУУЛСАН-
-Энэ өдрүүдэд танай сайтын сэтгүүлч О.Эрдэнэдаваа Украинд ажиллаж дайны нөхцөл байдлыг сурвалжилж байна. Та бүхэн ямар шугамаар Украин явсан юм бэ. Үүнээс яриагаа эхлэе?
-Энэ бол гэнэтийн, цаг тулсан томилолт байсан. Тодруулбал, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Ганзоригийн зүгээс бидэнд санал тавьж “Олон улсын сэтгүүлчид Украины нутаг дэвсгэрт ажиллаж байна. Бидэнд мөн явах суваг, боломж гарч ирлээ. Танай сайт сэтгүүлчээ явуулах уу” гэж асуусан. Энэ дагуу манай хамт олон зөвшилцөж сэтгүүлчээ явуулахаар болсон. Мэргэжлийн амбиц бидэнд байна. Ер нь яагаад дэлхийн халуун цэг рүү сэтгүүлчээ явуулж болохгүй юм бэ гэдэг үүднээс шийдвэрээ гаргасан. Татгалзаж болохгүй гэж бодсон. Дайны нөхцөл байдлыг сурвалжилсан Монгол дахь анхны үйл явдал болсон.
-Украин явах боломжийг РЦНК олгосон гэх яриа гарсан. Хүмүүсийн энэ хардлагад та ямар хариулт өгөх вэ?
-Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооныхон Олон улсын сэтгүүлчдийн холбоотой холбогдсон юм билээ. РЦНК болон Оросын Элчин сайдын яамны дэмжлэгээр яваагүй. Тэдэнтэй огт холбоогүй. Хэрвээ ийм зүйл бий бол Гадаад харилцааны яам дуугүй суухгүй шүү дээ. Тийм учраас бид саналыг нь хүлээн авч сэтгүүлчээ явуулаад үзье гэсэн. Яг үнэнийг хэлэхэд алдаж болохгүй боломж шүү дээ. Хүмүүсийн шүүмжилж, хардсан шиг аль нэг талыг нь дэмжсэн, үзэл баримтлалыг баримталсан зүйлгүй. Тийм чиглэл ч ирээгүй. Олон хэвлэл, мэдээллийг хамруулах боломжгүй байсан гэсэн. Ганц, хоёрхон квот олдсоны дагуу бидэнд санал тавьсан. Биднээс өөр ганц, нэг сайтад санал тавьсан л гэсэн. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга.
-Олон улсын сэтгүүлчийн холбооноос зохион байгуулсан ажил гэлээ. Монголоос өөр орны сэтгүүлчдийг хамруулсан уу?
-Манай сэтгүүлчтэй хамт АНУ, Серб, Герман, Голландын сэтгүүлч ажилласан. Тэд бие, биенээ хүлээгээд ОХУ-д хэд хоносон юм билээ. Нэгдсэн журмаар бөөнөөр нь хил нэвтрэх учир 10 гаруй хоног бие, биенээ хүлээсэн байгаа юм. Мэдээж нэг, нэгээр нь цувуулаад хилээр гаргах боломжгүй шүү дээ.
-ОНГОЦНЫ ЗАРДЛЫГ НИЙСЛЭЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНООС ГАРГАЖ БУСАД ЗАРДЛЫГ РЕДАКЦИАС ХАРИУЦСАН-
-Нэгэнт л хүмүүсийн хардлагад хариулт өгч байгаа юм чинь зардал мөнгөний тухайд яаж зохицуулсан бэ гэдэг талаар яриач?
-Санхүүжилтийн хувьд маш шүүмжлэлтэй мэдээллүүд гарч байна. Би сошиал орчинд байнга тайлбар бичээд байх хэцүү. Хол замд сэтгүүлчээ үдсэн. Үнэндээ хэн нэгнээс нэг ч төгрөг аваагүй. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос онгоцны зардлыг нь даасан. Бусад урсгал зардлыг редакциас гаргасан. Тэр нь тийм их хэмжээний мөнгө биш.
-Танай сэтгүүлч яаж Украинд хүрсэн бэ. ОХУ-аар дамжсан уу?
-Манай сэтгүүлч хэцүү замыг туулсан. Улаан-Үдээр дамжиж Москвад очсон. Москвагаас цааш 2000 км замыг машинаар туулсан. Явахдаа маш их шалгалт, хяналтад орсон. Зарим газарт сэтгүүлчдийг буцаах оролдлогыг хүртэл хийсэн гэсэн.
-Сурвалжлага хийх газрыг олон улсын сэтгүүлчдийн холбооноос зааж өгсөн юм уу?
-Манай сэтгүүлчийг очихын өмнө АНУ-ын сэтгүүлч бөмбөгдөлтөд өртсөн. Энэ үйл явдал нь манай болон хамт яваа сэтгүүлчдийг Украинд ажиллахад хаалт болсон гэсэн. Тийм учраас нөхцөл байдлын хувьд арай тайван гэгдэх Крымын хил залгаа Геническ, Мелитополь хотод ажиллах боломжтой байсан. Ингээд сурвалжлага бэлтгэх газартаа очоод гурван цаг л дүрс, яриа авах боломжтой байсан. Бид олдсон цаг, боломжид тулгуурлан ажилласан минь энэ. Сэтгүүлчид маань амь нас, эрүүл мэндийн аюулгүйн баталгаа байгаагүй. Тийм баталгаа өгдөггүй гэдгийг нь явахад нь сануулсан.
Тиймээс бид ч эрсдлээ тооцож сэтгүүлчээ татаж байгаа. Сэтгүүлч маань замдаа ирж яваа. Хүмүүсийн хүлээлтээр бол буудалцаан, мөргөлдөөн үзүүлэх байсан юм шиг байгаа юм. Тийм нөхцөл рүү бид сэтгүүлчээ оруулах боломжгүй. Тиймээс арай тайван, боломжтой газраас сурвалжлага бэлтгэсэн. Сурвалжлага бэлтгэх газарт ч хязгаарлалт тавьсан. Боломжтой гэсэн газраас нь л бид байгаа нөхцөл байдалдаа тулгуурлан мэдээлэл бэлтгэсэн.
-Сэтгүүлч нь Украинд очоод ямар нөхцөл байдалд байв. Хаана буудаллаж, яаж хооллож ундалж байсан юм бол. Интернэт, шугам сүлжээний хувьд асуудалгүй холбогдож чадаж байв уу?
-Таван цагийн зөрүүтэй учраас биднийг унтаж байхад сэтгүүлч маань ажиллаж байсан. Сэтгүүлчийн байрлаж байсан газарт л сүлжээтэй байсан. Бусад үед сүлжээгүй, холбогдож чадахгүй байсан. Боломжтой бол тухайн орных нь утасны сим хийгээд лайв төхөөрөмжөө ажиллуулна гэж төлөвлөж, бэлтгэлээ хангаад явсан ч сүлжээний хувьд шууд дамжуулалт хийх боломжгүй байсан. Тиймээс авсан дүрс, яриагаа байрлаж буй газраасаа бидэн рүү явуулсан. Энгийн нэг ортой буудалд бууж, боломж боломжоогоороо хоол идээд л явсан гэж бидэнд хэлсэн.
-ХҮМҮҮСИЙН ЯРИАГ ОГТ ШҮҮЛТҮҮРДЭЭГҮЙ. БИД БОДИТ БАЙДЛЫГ ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ ХАРУУЛСАН-
-Сэтгэл зүйн хувьд хэр байна?
-Эвдэрч сүйдсэн зүйл, техник, зэвсгийг хараад эвгүй санагдсан гэсэн.
-Хүмүүсийн бас нэг хардаж буй өнцөг нь сурвалжлагыг англи орчуулгатайгаар хүргэсэн гэх мэдээлэл. Яагаад англи орчуулгатайгаар явуулсан юм бэ?
-Англи орчуулгатайгаар явуулсан гэдэг нь буруу ойлголт шүү. Би өөрийнхөө утсаар үзэхээр монгол хадмалтай харагдаж байсан. Фэйсбүүк дээр автоматаар англиар орчуулагдаад үзүүлдэг тохиргоо байдаг. Яриа өгсөн хүмүүс нь оросоор ярьсан учир фэйсбүүк автоматаар англиар орчуулаад тавьсан байгаа юм. Тэрийг үзэхдээ тохируулга хийвэл англи орчуулга нь харагддаггүй гэсэн.
-Танай сайтын фэйсбүүк хаягийг дагахаа болихыг зарим иргэд уриалсан байсан?
-Тийм байна лээ. Бид тэр шүүмжлэлийг айхтар хүндээр хүлээж аваагүй.Гэхдээ манай сайтын фэйж хандалт өссөн.
-Сурвалжлагад яриа өгсөн хүмүүсийн яриаг шүүлтүүрдсэн үү?
-Огт үгүй.. Оросын байр, суурийг дэмжиж ярьсан хүмүүсийн яриаг түлхүү гаргасан байна гэж хүмүүс хардсан. Тухайн хүн ямар сэтгэгдэл, яриа өгөхийг бид мэдэхгүй шүү дээ. Ярьсан яриа нь л тэр. Манай сэтгүүлч орос хэлийг ойлгоно. Гэхдээ мэргэжлийн түвшний биш. Харин манай сэтгүүлчтэй хамт явсан Ulsturch.mn сайтын зураглаач унаган орос хэлтэй. Тэр хоёр маань биенээ дэмжээд явж байгаа.
Эцэст нь хэлэхэд, Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын хувьд эрх чөлөөгөө эдэлж буй л үйл явдал. Миний хувьд дайн, тулаантай газар руу сэтгүүлчээ явуулахдаа эмээж байсан. Гэхдээ олон улсын сэтгүүлчид ажиллаж болж байхад бид яагаад болохгүй гэж гэсэн бодол байсан. Яахав анхны гэдэг утгаараа бид алдаа гаргасан байж магадгүй. Сэтгүүлч маань үгийн сонголт дээрээ алдаж хэлснийг үгүйсгэхгүй. Гэхдээ л явсан нь чухал байсан. Цааш, цаашдаа олон улсын халуун цэгүүдэд АЖИЛЛАХ боломжтой юм байна гэдгийг бид харуулж чадсан гэж бодож байна. Тиймээс манай хэвлэлийнхэнд туршлага болох байх. Олон орны хэвлэлүүд тэнд мэдээлэл бэлтгэж байна шүү дээ. Манай сэтгүүлч тэнд дүгнэлт хийгээгүй. Боломжтой хэсгээс нь бодит нөхцөл, байдлыг харуулсан.
-Ярилцсанд баярлалаа.