Нийслэлийн хэмжээнд “Алхацгаая, гүйцгээе” хөдөлгөөнийг ирэх сард эхлүүлнэ

Нийслэлийн хэмжээнд “Алхацгаая, гүйцгээе” хөдөлгөөнийг ирэх сард эхлүүлнэ

Нийслэлийн хэмжээнд энэ хавар спортын ямар уралдаан, тэмцээн зохион байгуулах талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд “Алхацгаая, гүйцгээе” хөдөлгөөнийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Энэ хөдөлгөөн арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.

  • Түүнчлэн ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид дунд “Хаврын баяр” спортын тэмцээн уралдааныг зохион байгуулна.
  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг зохион байгуулна. Нийтийг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлж, эрүүлжүүлэх “Гимнастрада”  арга хэмжээг нийслэлийн хэмжээнд тогтмол явуулсан. Өнгөрсөн жил л гэхэд цахимаар зохион байгуулж, 9700 гаруй иргэн оролцсон.  Энэ жилийн хувьд тавдугаар сард багтаан зохион байгуулна. Нас, насны ангиллаар 12 төрлийн дасгал хөдөлгөөнийг иргэдэд санал болгож байгаа.
  • Түүнчлэн энэ онд олон улсын “Улаанбаатар марафон”-ыг тавдугаар сард зохиохоор төлөвлөж байна. Монголын Хөл бөмбөгийн холбоотой хамтран нийтийн хөл бөмбөгийн фестиваль явуулна. Нийтийн гэсэн тодотголтой тэмцээнд спортын зэрэг цолгүй иргэд оролцох боломжтой гэсэн үг.
  • Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Сурагчдын лиг”-ийг сагсан бөмбөг, волейболын төрлөөр зохион байгуулж байна” гэв.