Өнөөдөр “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-оос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл” сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулж Засгийн газар болон Ерөнхий сайдад хуулийн дагуу шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.
Тус холбооны төлөөлөл “Монгол Улсын Үндсэн Хуулийн гуравдугаар зүйлийн нэгд зааснаар “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн байдаг. Гэвч үнийн хэт хөөрөгдөл иргэдийн амьдрал туйлдаж байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж үнийн хөөрөгдлийг таслан зогсоох хүртэл төрийн ордны баруун хаалган дээр гарын үсэг цуглуулна.
Дотооддоо үйлдвэрлэдэг мах, сүү, талхны үнэ яагаад өсөж байгаа талаар тайлбар нэхэж байна. Уг асуудалд хамаарал бүхий байгууллагууд нь хяналт шалгалт хийж, яаралтай үнийн хэт хөөрөгдлийн асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байна” гэв. Ийнхүү ээжүүд нэгдэж үнийн өсөлттэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Харин нөгөө талаас хил гаалийн татвар нэмэгдсэнээс болж аж ахуйн нэгжүүд үнээ нэмсэн гэдэг мэдээллийг худалдаа эрхлэгч нарын төлөөллүүд хэлэв.