ЖАЛАМ ХАР БУЮУ Ө.БАЯРМАНДАХ: Тулаанчид онигоонд орчих байх гээд шоу үзүүлдэггүй. Дуртай спортоо үзэгчтэй болгож л байвал юунаас нь айдаг юм

ЖАЛАМ ХАР БУЮУ Ө.БАЯРМАНДАХ: Тулаанчид онигоонд орчих байх гээд шоу үзүүлдэггүй. Дуртай спортоо үзэгчтэй болгож л байвал юунаас нь айдаг юм

Цэргийн баярын өдөр Монголын MFC холбооноос зохион байгуулсан холимог тулааны тэмцээн энэ спортыг сонирхдог, сонирхдоггүй маш олон хүнийг дэлгэцийн өмнө уяж чадсан. Чухам үзэгчдийн анхаарлыг татаж, хүлээлт үүсгэсэн хүн бол Жалам хар буюу Ө.Баярмандах гэж хэлж болно. Тэгвэл бид энэ удаагийн “Social ID” булангийн зочноороо холимог тулаанч Ө.Баярмандахыг урьж, ярилцлаа.

 ВИДЕО: 

-ГАНТҮЛХҮҮР “БИЕ ЧИНЬ МУУ БАЙСАН ГЭЖ СОНСООД БЯЛУУ АВЧ ИРЛЭЭ” ГЭСЭН. БИ МЭДЭЭЖ БАЯРЛАЛАА ГЭЭД АВАХГҮЙ ШҮҮ ДЭЭ-

-Таныг Жалам хар гэдэг нэрээр тань хүмүүс сайн таньдаг боллоо. Жалам хар гэж яг хэн гэдгийг олон хүн сонирхож байгаа байх. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Намайг Өлзийбадрахын Баярмандах гэдэг. Ховд аймагт төрж өссөн. Холимог тулааны спортоор хичээллээд долоон жил болж байна. Жалам харын аян дээр би ринг рүү гардаг. Тэгээд л Фейсбүүк, Твиттер зэрэг сошиал хаягуудынхаа нэрийг Жалам хар болгосон. Бэлтгэл дээр хүмүүс Жалам, Жалам гэж дуудсаар байгаад нэг мэдэхэд Баярмандах биш Жалам болчихсон байсан. Энэ нэрэндээ би өөрөө дуртай.

-Цэргийн баярын өдөр Монголын MFC холбооноос зохион байгуулсан тулаан маш олон хүний анхаарлыг татаж чадлаа. Энэ тулаанд та А.Гантүлхүүртэй өрсөлдсөн. Таныг түрүүлж түүнтэй тулалдах санал гаргасан гэж сонссон?

-Тухайн үед MFC холбооноос “тэмцээн зохиох гэж байна. 66 кг-ын жинд дөрвөн хүн байна” гэсэн. Хоёр нь миний хамт бэлтгэл хийдэг тамирчид байсан. Би ч “хамт бэлтгэл хийдэг хүмүүстэйгээ үзмээргүй байна аа. А.Гантүлхүүртэй тулалдъя” гэсэн. Үүнээс өмнө 12 дугаар сард зохиогдсон “MGL  Fight Night” эвентэд А.Гантүлхүүр бид хоёр хамт оролцсон. А.Гантүлхүүр оргил тулаан хийж, бүсийн төлөө тоглосон. Би тэр тулаанд хожсон. Тухайн үед бид хоёр жижиг зүйлээс болж маргалдаж, А.Гантүлхүүр надад “үзэх газраа үзье” гэж хэлсэн. Би ч холбоонд “MGL дээр А.Гантүлхүүр намайг үзье гэж хэлсэн. Би түүнтэй тулалдмаар байна” гэсэн. Ер нь бага зэргийн маргаан байсан нь үнэн. Би ч дотроо 66 кг-д номер 1-д тооцогдож байгаа энэ хүнийг хожиж байж би цааш нь явах юм байна гэж бодож, түүнтэй өрсөлдье гэсэн.

-Хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан зүйл бол яалт ч үгүй өрсөлдөгчийнхөө нүүр рүү бялуу шидсэн үйлдэл байлаа шүү дээ. Шүүмжлэлтэй хандсан хүмүүс ч байсан. Таны зүгээс яагаад тийм үйлдэл гаргах болов?

-Хүн бүхэн өөр өөрийн өнцгөөс харах байх. Болсон процессыг тайлбарлавал, бид тэмцээний өмнө олон кг огцом хаядаг. Жингээ хаяхын тулд хоол унд, усаа хүртэл хасдаг. Тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө би хоолоо хасчихсан байсан. Нэг өдрийн өмнө усаа хассан. Мэдээж 24 цаг ус уугаагүй хүн хэцүү байна шүү дээ. Ам цангаад хажуугаар өнгөрсөн юм хүртэл усны урсгал шиг сонсогдоод үнэхээр хүнд байсан. Тулаан эхлэх өдөр би өглөөний 7 цагт клубийн үүдэн дээр ирээд хүлээчихсэн, цаг ерөөсөө явж өгөхгүй байсан. Клуб 8 цагт онгойж, жин 9 цагт үзнэ. Тэр хоёр цагийн хугацаа надад 20 цаг, хоёр хоног шиг л санагдаж байлаа. Жингээ үзүүлчхээд шөл уугаад арай гайгүй болоод сууж байтал А.Гантүлхүүр ч ирсэн. Үүний дараа миний бие муу байгаа гэж бодсон юм уу, яасан юм “Бие чинь муу байгаа гэж сонслоо. Бялуу авч ирлээ” гэсэн. Би тухайн үед өгсөн бялууг нь мэдээж “баярлалаа” гээд аваад идэхгүй шүү дээ. Тухайн үеийн эмоциороо энийгээ өөрөө ав гээд шидэхэд нүүрэнд нь оночихсон. Ийм л юм болсон.

-ДУРТАЙ СПОРТОО ХӨГЖҮҮЛЭЭД ҮЗЭГЧТЭЙ БОЛГОЖ БАЙВАЛ ЮУНААС НЬ АЙДАГ ЮМ-

-Тулаан хэрхэн өрнөв. А.Гантүлхүүрээс тийм цохилт ирнэ гэж тооцоолж байсан уу?

-Нэгдүгээрт маш их хүссэн тулаан учраас биеэ бага зэрэг барьж байсан. Рингэн дээр гараад эхний үе дээрээ бие сайхан тавирчих байх гэж бодсон. Угаасаа тийм юм болдог болохоор.

Гэхдээ А.Гантүлхүүрийг барилдаан хийх нь гэж бодож байсан. Хөл ирж магадгүй гэж, гэдсээ хаагаад хойд гар руу нь харж байтал өөр талаас өшиглөчихсөн. А.Гантүлхүүр ерөөсөө өшиглөдөггүй шүү дээ. Анх удаа тэмцээн дээр би хүнд цохилт аваад унасан. Надаас тоглолт гараагүй, бэлдсэн зүйлээ үзүүлж чадаагүйдээ бага зэрэг харамссан.

-Тулааны дараа А.Гантүлхүүр “Жалам харт баярлалаа гэж хэлье. Өмнө нь тулалдаж байсан ч хүмүүс ингэтлээ их анхаардаггүй байлаа” гэж хэлсэн байсан. Та түүнд хандаж юу гэж хэлмээр байна?  

-Өмнө нь тэмцээнд оролцохдоо би өөрийгөө сайжруулж, ийм, ийм зүйл хийж сурна гэдэг байсан бол энэ өдрөөс эхэлж зөвхөн Гантүлхүүрт зориулж бэлтгэл хийнэ. Зарим хүн надад “Өрсөлдөгч чинь чамайг хүндэлж байхад чи тэгсэнгүй” гэж хэлсэн. Хүндлэл гэдэг холимог тулаанч бүгдэд нь байж л байгаа. Хаана ч  бие биенээ хүндэлнэ. Гэхдээ рингэн дээр хүндлэл байхгүй, тэнд гараад бид өрсөлдөгчид болдог.

-Нөгөө талаар сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүн ч цөөнгүй байсан. Харин зарим нь Жалам хар харин ч хүмүүсийн анхаарлыг татаж, тулааныг олон үзэгчтэй болгож өглөө гэж байсан?  

-Сөрөг коммент бичиж байгаа хүмүүст баярлаж байгаа. Та нар намайг илүү хурцалж өгч байгаа. Гоё байгаа. Надад сөрөг коммент байтугай, аймшигтай зурвасууд их ирж байгаа. “Чи тулалдах юм бол үхнэ шүү. Чи хэрэггүй. Чам шиг суга амьтан тулааны ертөнцөд тулалдана гэж юу байдаг юм. Надтай ирээд үзэх үү” гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон үгс хэдэн зуугаараа ирж байгаа. Гэхдээ би тоохгүй. Тийм хүмүүс байж л байдаг. Тэд нар байгаад би улам хурцлагдаж байна. Дэмжиж байгаа хүмүүс ч бий. Маш олон хүн “Чи тулааны ертөнцөд цахиур хагалж, нэг түвшин ахиулж чадлаа. Чи бусад тамирчдын хийгээгүйг хийлээ” гэх мэтээр урам өгч байгаа. Ер нь холимог тулааны ертөнцөд тэмцээн болохоос өмнө үзэгчдийн анхаарлын татахын тулд зөвхөн Монголд гэлтгүй, дэлхийн дахинд ч тиймэрхүү шоу хийх гэж үздэг. Харин Монгол тамирчид онигоонд орчих байх, хэл аманд орчих байх гээд хийдэггүй. Юунаас нь айдаг юм. Дуртай спортоо хөгжүүлээд үзэгчтэй болгож байвал юунаас нь айдаг юм. 20 мянган төгрөгийн тасалбараар 2500 хүний суудалтай Бөхийн өргөөг дүүртэл тулаан хийдэг болмоор байна шүү дээ. Холимог тулаан болох гэж байна гэхэд хүмүүс тасалбарыг нь булаацалдаад авдаг болгомоор байна. Холимог тулааныг тийм үзэгчидтэй, үнэнч фанатуудтай болгомоор байна. Миний зорилго тэр.  

-Ярилцсанд баярлалаа.