Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнөөдөр /2022.03.24/ мэдээлэл хийж байна. Учир нь Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийг төрийн өмчит авах шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор ТӨБЗГ хуралдаж, тогтоол гаргасан байна.
Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 2015 онд УИХ-ын 70 дугаар тогтоол, Засгийн газрын 330 дугаар тогтоол, ТӨБЗХ-ны шийдвэр гарч, хувьчилсан байна.
Харин ямар шалтгаанаар хувьчлалыг цуцалж байгаа талаар ТӨБЗГ-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийг анх хувьчлахдаа давуу байдал олгосон, хувьцааг хэт бага үнэлсэн, хувьчлах явцдаа хувьчлах хөрөнгийг олон нийтэд мэдээлээгүй, хувьчилж авсан өр, төлбөрийг хуваарийн дагуу хийгээгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учир хувьчлалыг хүчингүй болгох үндэслэл болж байна гэж үзсэн байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж. Түүнчлэн дээрх компани нь нэрээ сольж, "Хөтөл" ХХК болгосон. Улмаар компанийн өр төлбөрөө хувьцаа болгосон нь илэрчээ.Түүчнлэн зарим хувьцаагаа зарсан асуудал хүртэл хөндөгдөж байгаа гэдгийг онцоллоо.