"Нэгэн хүү нохойноос айж, зугатсан" талаараа ярьж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд тавигдаж олны анхаарлыг татсан. Үүний дараа зарим хүмүүс тус бичлэгийг хийсэн хүн буюу хүүгийн ээжийг ихээр шүүмжилсэн. Харин зарим нь нохойг хараа, хяналтгүй тавьж болохгүй, хүүхдийн аюулгүй байдлыг хангах ёстой гэсэн байр, суурийг илэрхийлж байлаа. Тэгвэл бид тус бичлэг "гол дүр" М.Мөнхтөгөлдөр хүүг “Social ID” буландаа урьж ярилцлаа.
ВИДЕО:
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Намайг Мөнх-Эрдэнийн Мөнхтөгөлдөр гэдэг. Би 11 настай. Нийслэлийн 96 дугаар сургуулийн зургадугаар ангид сурдаг.
-Нохойд хөөгдсөн тухайгаа ээждээ ярьж буй бичлэг тань сошиал орчинд тавигдсан. Олон хүн үзэж сэтгэгдэл бичсэн байсан. Тэр бичлэгээ өөрөө үзэхэд ямар санагдсан бэ?
-Тэр үед үү... Хүмүүс ээжийг минь их шүүмжилж, муулсан байсан. Үүнд нь гомдоод эхэлсэн. Намайг нохойд хөөгдөөд орж ирэхэд ээж яагаад инээсэн бэ гэхээр би инээдтэй ярьсан учраас л тэр шүү дээ.
-Чи "Эзэн нь нохойгоо харахгүй байсан" хэмээн уйлж байсан. Тэр өдөр чухам ямар үйл явдал болсон юм бэ?
-Хиамин нохой байсан юм. Нохойны уяа тасарч над руу дайрсан. Тэр үед нь эзэн нь мэдээгүй ч намайг хөөж байгааг хараад араас гүйсэн. Хэдий гүйсэн ч нохойгоо гүйцэхгүй байсан. Харин би өөр тийшээ зугтаасан.
-Нохой тэжээдэг хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
-Ер нь тэжээвэр нохой ч хүн рүү дайрах аюултай учраас нохойгоо сайн харж байгаарай.
-Улаанбаатар хотод нохой тэжээдэг маш олон хүн бий. Бүх тэжээвэр нохой хүн рүү дайраад байдаггүй шүү дээ.
-Ер нь нохой авах гэж байгаа хүмүүс сайн мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй. Яаж сургахаа мэдэхгүй, ямар хоол өгөх, усанд оруулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг олон асуудлаар мэдлэггүй бол нохой тэжээгээд байх шаардлагагүй.
-Өмнө чиний хэд, хэдэн бичлэг сошиалд тавигдсан. Ер нь ээжтэйгээ хамтраад бичлэг хийх сонирхолтой юм байна гэж ажигласан?
-Ер нь хөгжилтэй, гоё юм үзүүлмээр байдаг. Намайг юм ярьж байхад ээж бичлэг хийсэн байдаг. Бүр жаахан байхад хийсэн бичлэгүүд ч хүртэл байдаг.
-Чамайг үзэж буй үеийн хүүхдүүд болон найзууддаа хандаж хэлэх үг байна уу?
-Өөрөө дуртай мэргэжлээ сонгоод, бас сайн сураад, хичээл номондоо шамдаарай л гэж хүсэж байна.