З.Мэндсайхан: Малчин өрх бүрд 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн

З.Мэндсайхан: Малчин өрх бүрд 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мал өвөлжилт, малчдад үзүүлсэн тусламжийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд 2021 онд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 466 худаг, 189 гар худаг барьж байгуулан ашиглалтад оруулснаар 850.2 мянган га бэлчээр, 2,708 малчин өрх, 1.5 сая толгой мал сүргийг усаар хангах боломжийг бүрдүүлсэн.

Мал өвөлжилт 2020 онд хүндэрсэнтэй холбогдуулан  зуншлага муу болсон 10 аймагт өвс, тэжээлийн аюулгүй нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгө гаргуулав. Мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвсийг импортын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу өвс, тэжээл импортлох 26 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж 90.2 мянган тонн  өвс, тэжээлийг  импортлох ажлыг зохион байгуулав.

Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн малчин өрх бүрд, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдын малчин өрхөд 300 мянган төгрөгийн үнэ бүхий тэжээл олгосон. Мөн “Мал аж ахуйн салбарын хаваржилтын  хүндрэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 110 дугаар тогтоолын дагуу малчин өрх бүрд 100,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан” гэв.