МАН бүлэг: Эдийн засагт учрах сөрөг үр дагаврыг хэрхэн богино хугацаанд даван туулах саналуудыг бэлтгэж боловсруулна

МАН бүлэг: Эдийн засагт учрах сөрөг үр дагаврыг хэрхэн богино хугацаанд даван туулах саналуудыг бэлтгэж боловсруулна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.03.28/-нд хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцжээ.
 
Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай улсын эдийн засаг ярвигтай байгаа. Бид сүүлийн хоёр жил “Ковид” цар тахлын орчинд ажиллаж, амьдарсан. Үргэлжлээд ОХУ, Украины асуудлаас үүдэн манай улсын эдийн засагт тодорхой хэмжээний сөрөг үр дагавар гарч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн нөхцөл байдлын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Мэдээллийн хүрээнд УИХ-ын гишүүд санал хэлж, асууж тодруулсан. Эцэс нь тодорхой шийдэл гаргалаа.
 
Тодруулбал, олон улсын нөхцөл байдлаас үүдэн эдийн засагт учрах сөрөг үр дагаврыг хэрхэн богино хугацаанд даван туулах чиглэлд УИХ шийдэл гаргах ёстой гэж үзсэн. Иймд Ерөнхий сайд, Засгийн газрыг тодорхой саналуудыг бэлтгэж боловсруулаад УИХ-д оруулж ирэх ерөнхий чиглэлд бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.
 
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа нарын өнгөрсөн жил өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл байлаа. Уг хуулийн гол зорилго нь орон сууцны эзэмшлийн газрыг оршин суугчдад нь өмчлүүлэх тухай юм. Хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцсэн. Хэлэлцэх явцад гишүүдийн байрь суурь өөр байсан учраас бүлэг завсарлага авсан. Гишүүд хуулийн төслийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.