Үнийн хэт өсөлтийг эсэргүүцэж иргэн О.Отгонтөгс “Сандалтай суулт” зарлаж Нийслэлийн төв талбайд хоёр дахь өдрөө сууж байна. Талбайд нэгдэхээр ирж буй залуусын зарим нь үнийн өсөлтийг эсэргүүцэж байгаа бол зарим нь авилга, албан тушаалын хэрэгт оноож буй хариуцлагыг чангатгахыг уриалсан юм.
"Сандалтай суулт"-ыг зохион байгуулагч, иргэн О.Отгонтөгс "Авилга, албан тушаалын хэрэгт хүлээлгэх хариуцлага нь 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жилийн хугацаанд хязгаарладаг. Мөн 2-8 жил хорьдог ялтай. Гэхдээ энэ бол ял биш, иллэг. Төрийн албанд ажиллаад, хэдэн тэрбумыг идчихээд 40 саяар торгуулна гэвэл хэн ч дуртай хүлээж авна. Бүх насаараа идэх мөнгөө ганц бродюрнаас хийчихнэ.Энэ хуулийн заалт өөрчлөгдөж байж л энэ байдал өөрчлөгдөнө.
Өнгөрсөн хоёр жилийн асуудлыг КОВИД-19 рүү, одоо үнийн өсөлтийг хил гааль, дайн руу чихэж байна. Тэгснээ иргэдийг бүсээ чангалаарай гэлээ. Энд байгаа хүмүүст хэмнэх юу ч байхгүй. Ийм байдалд хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох гэхээр хууль байхгүй" гэв.
"Сандалтай суулт" өнөөдөр 10:00-16:00 цагт үргэлжлэх юм. Энэхүү суулт үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй хүн бүрд нээлттэй аж.