Өнөөдөр Монголын худалдаачдын холбоо ТББ-аас дөрөвдүгээр сарын 18-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Худалдаачдын холбооны гишүүн Н.Алтанзагас "Өдрийн зээл олголт нэртэй мөнгө хүүлэлтээр худалдаачдыг шулж байна. Жишээ нь, долоохон сая төгрөг авсан хүн хоёр жилийн дотор 105 сая болгож мөнгөө хүүлүүлсэн байгаа юм. Ингэж хүнийг алданги өрд оруулж буй мөнгө хүүлэлт арай дэндлээ. Тэр худалдаачин яс арьс болтлоо турж, зөвхөн зээлээ дарахын тулд амьдарч байна шүү дээ. Тиймээс үүний эсрэг тэмцэх хэрэгтэй" хэмээн бодит нөхцөл байдлыг ярив.
Тодруулбал, Бичил худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэдийн 70-80 хувь нь өндөр хүүтэй өдрийн зээл гэх жилийн 120-360 хувийн хүүтэй санхүүгийн луйврын хохирогч болж байна. Санхүүгийн алдагдалд оруулж буй өндөр хүүтэй өдрийн зээлийг хуулиар хориглож, худалдаа эрхлэгчдэд хүү багатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, худалдаачдыг дэмжих сан бий болгох хүсэлт гаргажээ.
Худалдаачид "Ажлын байрны онцлог эдийн засгийн нөхцөлөөс үүдэн банкнаас зээл авах боломжгүй болсон. Өмнө нь авсан зээлээ төлөх чадваргүй болж дампуурсан, хэт өндөр хүүтэй зээл авч мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон худалдаа эрхлэгчдийн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагатай байгаа тул “Худалдааны тухай хуулийг хэлэлцэн батлахдаа худалдаачдын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж тэдний саналыг тусгахыг хүсэж байна” гэв.
Түүнчлэн худалдаа наймаа хийх нь иргэний эрх хэдий ч эрх зүйн орчин бүрдээгүйгээс худалдаа үйлчилгээ эрхэлж явуулахад хүндрэлтэй байгаа учир дээрх асуудлуудын дагуу хүсэлт гаргаж гуравдугаар сарын 2-нд холбогдох шатныханд хүргүүлжээ. Мөн худалдаачдын төлөөлөл өмнө нь УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч шаардлагын хариу нь одоог хүртэл ирээгүй гэв. Тиймээс эсэргүүцлийн жагсаал дахин зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ.