Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Дэлхийн цирк Монголд” шоу тоглолт Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдсан. Циркээ нураалгаж, энэ урлагаар цангачихсан байсан ард түмэн ч тоглолтын тасалбарыг эртнээс захиалан, тэсэн ядан хүлээсэн. Тоглолт ч амжилттай болж, Монголын циркчид дэлхийн түвшний үзүүлбэрүүд үзүүлж чадлаа хэмээн магтах хүмүүс цөөнгүй.
Нөгөө талаар циркийн бус зааланд зохион байгуулагдсан учир зарим дутагдал гарсныг ч хэлж байв. Гэвч энэ алдаа, дутагдал циркчдээс бус циркийн байргүйгээс шалтгаалж гарсан. Монголчууд циркийн байргүй болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх манай циркчид олон газар дамнан, бэлтгэл сургуулилтаа аргацаасаар ирсэн. Тиймээс бид циркчдийн өнөөгийн нөхцөл байдлын ярилцахаар Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд тэргүүн Т.Будтай уулзсан юм.
-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС “ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРЧИХСАН БАЙРАНД ЦИРКЧИД АРГАГҮЙН ЭРХЭНД БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАА ХИЙЖ БАЙНА-
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт “Дэлхийн Цирк Монголд” тоглолт болсон. Тоглолтод таны шавь нар ямар үзүүлбэр үзүүлэв?
-“Дэлхийн цирк Монголд” шоу тоглолтод манай “Х Rose” уран нугаралтын төвөөс найман залуу жүжигчин оролцож, “Тэнгэрийн цэцэгс” гэдэг ховор “боард”-тай уран нугаралтын үзүүлбэрээ толилууллаа. Энэ завшааныг ашиглаад тоглолт зохион байгуулсан Монгол циркийн хөгжлийн төвийнхөндөө баярласнаа илэрхийлмээр байна. Олон улсын тэмцээн, уралдаануудад бид бүгд бэлтгэл сургуулилттай байж гэмээн оролцох ёстой. Гэтэл тийм боломж тэр бүр олдоггүй. Харин сая болсон тоглолтын үеэр хүүхдүүдийнхээ нүдийг бага ч гэсэн нээж өгсөн юм болов уу гэж бодож байна.
-Тоглолт Буянт-Ухаа спорт цогцолборт болсон. Зориулалтын бус циркийн байр учраас зарим нэг дутагдал гарсныг хүмүүс хэлж байлаа. Циркчдийн хувьд тэнд тоглолт зохион байгуулахад ямар бэрхшээл тулгарч байв?
-Циркийн урлагт зориулсан байр, орчин маш чухал. Аль ч талд суусан үзэгч тухайн тоглолтыг чөлөөтэй харах боломжтой байр, байшин байх ёстой. Гэтэл тийм байр бидэнд байхгүйгээс өөрсдийн боломж, бололцоогоо ашиглаж чадахаараа үзүүлбэрээ үзүүлсэн. Хоёрхон өдөр үргэлжлэх тоглолтыг аль болох олон хүнд үзүүлэхийн тулд зохион байгуулагчид маань хичээж ажиллалаа. Дараа дараагийн удаа зориулалтын бус спортын талбайд тоглолтоо хийхдээ тайзны асуудлыг маш зөвөөр шийдэх ёстой юм байна гэдгийг бид ойлгосон. Олон хүн ч шүүмжлэл хэлсэн. Бид шүүмжлэлийг бүгдийг нь хүлээн авч, үйл ажиллагаагаа сайжруулах болно. Ер нь энэ тоглолт улсын цирк бид бүгдэд, цаашлаад Монголын ард түмэнд маш чухал зүйл юм гэдгийг олон талаас ньхаруулчихлаа. Соёлын яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар ч цирктэй болох үйл ажиллагааг дэмжинэ гэсэн. Үе бүрийн засгийн газар биднийг дэмжинэ гэж хэлдэг. Гэхдээ баталгаажуулах л хэрэгтэй байна. Дан ганц хэлээд өнгөрөх биш, дэмжинэ гэсэн байр суурийг баталгаажуулж, үйлдэл болгох л шаардлагатай байна.
-Одоо циркчид ямар хаана бэлтгэл сургуулилтаа хийж байгаа вэ?
-н.Золбаяр, н.Золбаясгалан гэдэг ах дүү хоёр циркчид маань өөрсдийн хөрөнгөөр Чингэлтэй дүүрэгт нэлээн том заал байгуулсан. Энэ заал бэлтгэл сургуулилт хийх шаардлагуудыг тодорхой хэмжээгээр хангасан, том орон зайтай боловч хүүхэд очиход хол, мөн автомашины зогсоолын асуудал тулгардаг. Гэхдээ бид байгаа зүйлээ голж болохгүй. Залуучуудын барьж байгуулсан заал одоо циркчдийн аминд орж байна шүү дээ. Циркийн сургуулийн хүүхдүүд, хамтлаг продакшнууд хүртэл тэнд бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Нөгөө нь Дашчойлон хийдийн хажууд байрлах энэ хуучин Бөмбөгөр ногоон театр. Мэргэжлийн хяналтаас энэ байранд бэлтгэл сургуулилт хийж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
2015 онд энэ байр шатсан шүү дээ. Үүний дараа Циркийн сургуулийн сурагчид, багш нар, циркийн хамтлаг, продакшны жүжигчид чадлынхаа хэрээр засаж янзалсан. Энд одоо маш олон продакшны циркчид бэлтгэлээ хийгээд явж байна. Мэргэжлийн хяналтаас болохгүй гэсэн ч циркийн байргүй бидэнд өөр арга байхгүй. Монголын циркчид маш хэцүү нөхцөлд, нурах шахсан байшинд бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-УЛС ЭХ ОРНЫХОО БАЙХ ЁСТОЙ ХАМГИЙН ТОМ УРЛАГИЙГ ДЭМЖИХГҮЙ БАЙГАА ТОД ЖИШЭЭ НЬ ЦИРК-
-Циркчдээс цөөнгүй удаа төрийн удирдлагуудад циркийн байртай болгох хүсэлт тавьж байсан шүү дээ. Нааштай хариу өгч байна уу?
-Монголын ард түмэн улсын циркээ маш их үгүйлж байна. Орос болон Хойд Солонгост дэлхийн хэмжээний 4-5 манеж солигддог цирк байдаг. Манай Монгол ч гэсэн манеж нь солигддог, гаднын циркчид ирээд бэлтгэл хийхэд дотуур байртай, хөдөө орон нутгийнхан ирж суралцах боломжтой, гаднаа ногоон тохижилттой, хүүхдүүдэд ээлтэй цогцолбортой болоосой гэж хүсэж, мөрөөдөж байна. Төрөөс мөнгө төгрөг зохицуулах маш хүнд л гэж яриад байна. Гэхдээ төр засаг нь харж үзэхгүй бол ард түмэн нь өөрсдөө циркээ босгож чадах болов уу.
Монголын ард түмнийхээ дэмжлэгтэйгээр цирктэй болох боломжтой гэж би бодож байгаа. Хүүхэд багачуудын дуртай, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгодог циркийн урлагийг аливаа нэг улсад зайлшгүй төр засаг нь дэмждэг.
Бид нар дөрөв, дөрвөн жил солигдож байгаа сайд болгон дээр цирктэй болох тал дээр маш олон бичиг хүргүүлж байсан. Циркийн сургууль хүртэл байгуулах төсөл төлөвлөгөөнүүдийг явуулж байлаа. Гэтэл 12 жилийн хугацаанд ямар ч үр дүнд хүрэлгүй иймэрхүү байдалтай сууж байна. Энэ бол улс эх орныхоо байх ёстой хамгийн том урлагийг дэмжихгүй байгаа тод жишээ юм болов уу гэж бид харж байна.
-Хуучин циркийг байрыг нураасанд Асашёорюү Д.Дагвадоржийг зарим хүн буруутгадаг. Та үүн дээр ямар байр суурьтай байна?
-Буруутгахаас өөр аргагүй болж байна. Асашёорюү циркийг цирк чигээр нь авч явна гэж амласан. Гэтэл одоо бодлого нь алдагдчихсан, хүмүүсээ нэг нэгээр халж явуулсаар байгаад цирк хоосорсон. Хамгийн сүүлд хоосорсны дараа нураасан. Нураасны дараа засварт оруулж хүлээлгэж өгнө гэсэн ч одоог хүртэл байхгүй. Үндсэндээ гэрээгээ зөрчиж бид бүгдийг хуурч, циркийг өөрийн болгосон. Нэгэнт хувийн эзэмшил болчихсон хойно хэчнээн заргалдсан ч буцаан өгөх эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Анх Асашёорюү аварга Монгол циркчдээ маш сайхнаар хүлээж авч, хөгжүүлэх байх гэсэн өндөр сэтгэгдэлтэй байсан ч тэр нь нэг нэгээрээ замхарсаар өдийг хүрлээ.
-Ярилцсанд баярлалаа.