Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Энхбат таалал төгсжээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Энхбат таалал төгсжээ

“Сөүл-1988” олимпын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Нэргүйн Энхбат таалал төгсжээ.

Монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн шилдэг тамирчин Нэргүйн Энхбат нь 1962 оны гуравдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд Нийслэлийн 10 жилийн 20-р дунд сургууль, 1985 онд МУИС-ийн Эдийн засгийн ангийг тус тус төгссөн.

1979 оноос Гавьяат дасгалжуулагч Д.Бандийн удирдлагад боксын спортоор хичээллэж эхэлсэн ба 1979-1989 онд Үндэсний шигшээ багийн тамирчин, 1989-1993 онд спорт сургалтын төв, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999-2001 онд МҮОХ-ны ахлах мэргэжилтнээр ажиллаж байв.

Тэрээр 1988 онд Сөүлийн олимпиос боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр Монголын боксчдын олимпын анхны медаль, Сөүлийн олимпоос Монголын баг тамирчдын хүртсэн цорын ганц медалийг эх орондоо авчирсан юм.

Нэрт боксчин Нэргүйн Энхбат нь спортын карьерынхаа хугацаанд 312 тулаанд оролцож, 240 ялалт байгуулжээ.

Монголын спортын сүлд дуу болтлоо түгсэн “Тамирчны алдар” дууг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан 1988 оны Сөүлийн олимпын хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Энхбатад зориулан бүтээж байсан юм.