Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс буулгах ажил эхэллээ

Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс буулгах ажил эхэллээ

Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг нийтийн эзэмшлийн газарт болон ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулах юм.

Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ажиллана. Тус Ажлын хэсэгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, хяналтын газар, Хот тохижилтын газар гэсэн холбогдох 17 байгууллагын удирдлага, албан тушаалтнууд багтжээ. Ажлын хэсэг үйл ажиллагааны явц, үр дүнг 14 хоног тутам Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанд танилцуулна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, түүх, соёлын дурсгалт газар, инженерийн дэд бүтцийн барилга, зах зэрэг хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллага байдаг.

Энэ жагсаалтад багтаагүй барилгын гадна хашаа барих ёсгүй. Өөрөөр хэлбэл, оффис, орон сууц, хотхонууд бүгд хашаагаа буулгах шаардлагатай гэсэн үг. Зөвхөн Бага тойрууд л гэхэд зөвшөөрөлгүй 1779 хашаа, хайс байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн газрын зөрчил аргилгах арга хэмжээг өнөөдрөөс хэрэгжүүлэх аж.