Ч.Номин: Д.Дагвадорж циркийг хувьчилж авсан болохоор түүний өмчид халдаж болохгүй. Тиймээс шинэ цирк барина /ВИДЕО/

Ч.Номин: Д.Дагвадорж циркийг хувьчилж авсан болохоор түүний өмчид халдаж болохгүй. Тиймээс шинэ цирк барина /ВИДЕО/

"Цирк"-ийг Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам удирдаж, эхнэр М.Отгонцэцэг 100 хувь эзэмшиж байгаа бөгөөд улсын циркийг нурааж, дахиж ашиглалтад орох боломжгүй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл эл асуудалд Соёлын сайд Ч.Номин байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Цирк бол манай маш чухал салбарын нэг. Түүхээ таниулж, цаашлаад хүүхдийнхээ соёлын боловсролд зарцуулж буй зүйлд зайлшгүй төрийн бодлого байх ёстой. Энэ агуулгыг хэрхэн зөв болгох талаар ажиллаж, судалгаа шинжилгээ хийж, салбарынхантай нь уулзаж байна. Сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй, урт хугацаандаа зорилготой байх ёстой. Монгол Улс хүний хувийн өмчийг хамгаалсан хуультай ардчилсан улс. Зах зээлийн нийгэмд шилжих үед маш олон төрийн өмч хувьчлагдсан. Энэ үед цирк хувьчлагдсан. Нэгэнт өмчлөгдсөн хувь хүний өмчид шууд халдах эрх байхгүй. 

Соёлын салбарт хөрөнгө оруулж байж л хөгжинө. Аливаа нэг зүйлд хөрөнгө оруулж байж л хөгждөг. Соёлын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 5,10 жилийн дараа үр өгөөжөө өгдөг. Хөрөнгө оруулалт олгохоор түүнийг нь тал талаас нь шүүмжилдэг. Ирэх оны төсөвт цирк барих ажлыг оруулахаар ажиллаж байна. Соёлын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй. Олон улсын жишиг өндөр байхад манай улсад хөрөнгө оруулалт, урсгал зардал, хөтөлбөр, арга хэмжээтэйгээ нийлээд нийт төсвийн 1.5 хувьд хүрэхгүй байгаа нь тун харамсалтай" гэжээ.