Сайжруулсан түлшний угаарын хийнд хордож, гуравхан настай охиноо алдан өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болсон У бүсгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах шаардлагаа хүргүүлэхээр өнөөдөр /2022.04.13/ Төрийн ордны гадна ирээд байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Бүсгүйн аав Л.Галбадрах “Шүүх хуралдаан гурав дахь жилдээ хойшилж байна. Тавантолгой компаниас манайд дэмжлэг, нөхөн төлбөр өгсөн зүйл нэг ч байхгүй. Гол нь охин маань угаартсаны улмаас хөл дээрээ явж чадахаа больсон. Охиноо хөл дээр нь босгоод авбал өөр хүсэх зүйл алга” гэв. Бүсгүйн өмгөөлөгч н.Ариунболд “Хоёр жилийн хугацаанд хууль зүйн туслалцаа өгч явахад дүүргийн прокурорын газруудаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хохирогч маань ид хийж бүтээх насан дээрээ угаартаж, хөдөлмөрлөх чадвараа 70 хувь алдсан байна. Мөн нэг хөл нь хатингаршиж, хөлөө тайруулах дээрээ тулаад байна. Гэтэл Тавантолгой түлшээс нэг ч удаа ирж уулзаагүй. Өнөөдөр 3.30 цагаас шүүх хурал нь товлогдсон юм байна. Дахиад хойшлогдох эсэхийг хэлж мэдэхгүй. Надад утаагүй түлшинд угаартаж, гэр бүлийн хэн нэгнээ алдсан, өөрсдөө хөдөлмөрлөх чадвараа алдсан 10 гаруй хүн хандсан. Хэрэв утаагүй түлшний улмаас эрүүл мэндээрээ хохирсон бол хууль, хяналтын байгууллагад хандах хэрэгтэй" гэв.