Өмнөговь аймгийн Цагаан хад боомтын "бөмбөлөг"-т багтсан нүүрс тээврийн жолооч нарын дунд халдвар хамгааллыг сахиулахаар дотоодын цэргийн 220 алба хаагчийг өнөөдөр /2022.04.14/ тус газар руу явуулжээ.
Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас коронавирус цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт ердөө 250 автомашин гарч байгаа аж.
Тиймээс эл тоог нэмэгдүүлж, өдөрт багадаа 500 автомашин гардаг болгохын тулд халдвар хамгааллын дэглэмийг чангатгах нь зүйтэй гэж үзэж, ийнхүү цэргийн алба хаагчдыг тус газар руу илгээсэн байна.
Мөн Цагаан хаданд байрлах нүүрс тээврийн бөмбөлөгний жолооч нараас коронавирусийн халдвар бүртгэгдсээр байгаа нь нүүрсний тээвэрт нөлөөлж байна гэж үзжээ. Тиймээс цэргүүд Цагаан хад боомтод байрлах нүүрс тээврийн жолооч нарын бөмбөлөгнүүдийн гадна талд харуулын үүрэг гүйцэтгэж, халдвар хамгааллыг сахиулах аж. Мөн Цагаан хад руу орж гардаг пост, хулгайн зам зэрэгт хяналт тавих юм байна. Одоогоор тус хяналтыг Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчид болон цагдаагийн алба хаагчид тавьж байгаа юм.
-ЦАГААН ХАД БООМТОД ХАЛДВАР ХАМГААЛЛЫГ САХИУЛАХЫН ТУЛД “ЖЕНЕТИК” СИСТЕМ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР ЯРЬЖЭЭ-
Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж буйгаар бөмбөлөгнүүдийг Мобикомын “Женетик” системыг нэвтрүүлж, хянах талаар ч Гашуунсухайт боомтын зөвлөлийн гишүүн Г.Энхжаргал бөмбөлөгнүүдийн удирдлагуудад танилцуулсан байна. Харин тус төхөөрөмж нь 10 гаруй сая төгрөгийн өртөгтэй байдаг учир тээврийн компаниуд төдийлөн таатай хүлээж аваагүй аж. Тиймээс ч цэргийн алба хаагчдаар жолооч нарыг хянуулахаар болсон бололтой. Ташрамд өгүүлэхэд, өнөөдрийн байдлаар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсэд 4,6 сая тонн нүүрс байгаа гэдгийг албаны мэдээлсэн.