А.Өсөх-Ирээдүй: "Бяцхан булдруу" гэдэг нэр анх сонин санагдаж байсан. Одоо бол дасчихсан /ВИДЕО/

А.Өсөх-Ирээдүй: "Бяцхан булдруу" гэдэг нэр анх сонин санагдаж байсан. Одоо бол дасчихсан /ВИДЕО/

Гуравхан настайдаа “Аархал” хэмээх хоолойн чадал шаардсан дууг төвөггүйхэн, тун гарамгай дуулж “Бяцхан булдруу” гэх нэрээр олон танигдсан А.Өсөх-Ирээдүй өнөөдөр зургадугаар ангийн том хүү болж, тун удахгүй эгч, ахынхаа хамтаар тоглолтоо хийх гэж байна. Isee.mn сайт “Social ID” булангийнхаа амралтын өдрийн дугаарт дуучин ах, дүүсийг урьж оролцууллаа.

ВИДЕО:

-ДУУГАА ДУУЛЖ ДУУСААД ҮЗЭГЧДЭД ЁСЛОХОД ХАМГИЙН ГОЁ МЭДРЭМЖ ТӨРСӨН-

-А.Өсөх-Ирээдүйг хүмүүс Булдруу нэрээр нь андахгүй сайн мэддэг шүү дээ. Тэгвэл А.Өсөх-Ирээдүй гэж хэн юм бэ. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Амарсайханы Өсөх-Ирээдүй гэдэг. 12 настай. Увс аймгийн Улаангом сумын 3-р сургуулийн 6-р ангийн сурагч.

-А.Өсөх-Ирээдүй яаж яваад “Булдруу” гэдэг нэртэй болчхов?

-Би таван настай байхдаа хүүхдийн барилдаанд оролцоод зодог шуудагтай зургаа даруулсан юм. Гэтэл нэг танихгүй ах “нөгөө булдруу маань бөх болчхож” гээд цахим сүлжээнд зургийг маань нийтэлсэн байсан. Түүнээс хойш “Булдруу” гэдэг нэртэй болсон доо. Ангийнхан болон гэрийнхэн маань Өсөхөө гэж дууддаг. Дээд үеийн ах нар Булдруу, Булдруу л гээд байдаг юм/инээв/.  

-“Аархал”-ыг анх дуулж байхад хэдэн настай байсан юм бэ?

-Тэр үед би гурван настай байсан. Бага байхдаа ер нь “Аархал”-аас салдаггүй, хаана ч явсан амандаа аялаад явдаг хүүхэд байсан.  

-Өсөхөө чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаараа ихэвчлэн дуу сонсдог. Хөлбөмбөг тоглоно, сагс үзнэ. Спортод их дуртай, сонирхолтой.

-Ямар төрлийн дуу сонсох уу?

-Ер нь бүх төрлийн дуу сонсоно доо. Гадаад, монгол гээд л.

-Монгол дуучдаас хэний дуунд хамгийн дуртай вэ?

-Төрөө ахын дуунууд/дуучин Э.Төрмандах/ юм уу даа. Төрөө ах шиг л мундаг хүн болохыг хүсдэг.

-Дуучин Э.Төрмандахтай хамт тайзан дээр дуулж байсан. Дууг нь байнга дуулдаг байсан хүнтэйгээ анх уулзах ямар санагдаж байв?

-Маш их баярласан. Анх уулзахад Төрөө ах “Ямар хөөрхөн дуулдаг хүүхэд вэ” гэж хэлсэн. “Аархал”-ын бичлэг цацагдсанаас хойш Төрөө ахтай холбоотой байдаг болсон доо. Төрөө ах “Ахын дүү энэ хэсэг дээр хоолойгоо сайн гаргаад, задлаад өгөөрэй” гэх мэтээр зааварчилгаа өгдөг. Төрөө ахын зааварчилгааг дагахаар их гоё дуулдаг.

-Хамгийн анх хэдэн настайдаа тайзан дээр гарч байв?

-Зургаан настайдаа тайзан дээр гарч үзэж байсан. Төрөө ахын “Нүнжигтэй Монгол” гэдэг тоглолтод нь оролцоод хамтдаа “Аархал”-ыг дуулсан. Анхны тайз учраас маш их сандарсан л даа. Гэхдээ дуу эхэлчхээр хүн сандрахаа болиод тайван болчихдог юм байна лээ. Дуугаа дуулж дуусаад үзэгчдэд ёслоход хамгийн гоё мэдрэмж төрсөн.

-Хотод ирэх ямар байна. Очихыг хүссэн газар бий юү?

-Өмнө нь зөндөө ирж байсан. Хотын түгжрэл нь жаахан онцгүй юм. Хотод ирэхээр ер нь гэртээ л байхыг хүсдэг. Гэртээ дуу сонсоод хэвтэх дуртай. Очихыг хүссэн газар нэг их байхгүй. Бүгд рүү нь л очоод үзчихсэн/инээв/.

-Хөдөө зуны амралтаараа юу хийж өдрийг өнгөрөөдөг вэ. Их л завгүй байдаг байх даа

-Тийм шүү. Өдөрт ихэвчлэн тугалаа хариулна. Ээждээ тусална. Аавынхаа сурыг барьж өгнө. Хониндоо явна. Өдөр их л завгүй өнгөрдөг.

-Удахгүй ах, эгч хоёртойгоо тоглолтоо хийж байгаа гэж сонслоо?

-Тийм ээ. Тавдугаар сарын 20-нд бид гурав тоглолтоо хийх гэж байгаа.К оронавирус гээд ойрд дууны тэмцээн, уралдаанд оролцоогүй. Тайзан дээр гаралгүй их удсан юм шиг санагдаж байна. Тийм болохоор үнэхээр их баяртай байгаа.

-ГЭРТ БАЙХАД ААВ, ЭЭЖ, ДҮҮ НАР БҮГД ДУУЛААД ЯГ Л ТОГЛОЛТОО ХИЙЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЙДАГ-

А.Өсөх-Ирээдүйн ах болон эгч

-Өсөхөө гэртээ хэн, хэнтэйгээ амьдардаг вэ. Гэр бүлээ танилцуулаач?

-Аав, ээж ах, дүүтэйгээ амьдардаг. Эгч маань хотод ажилладаг. Ах маань 12 дугаар анги. Бага дүү 2 дугаар анги.

-Танай гэр бүлийнхэн бүгдээрээ дуулдаг гэж сонсож байсан?

-Манай аавын талд дуулдаггүй хүн гэж бараг байдаггүй. Зун найран дээр аавын ах, дүү нар хамтдаа дуулахаар гэр цангинаад л явчихна. Манай аав эмээл хийдэг. Эмээл хийж байхдаа хүртэл байнгын дуу аялна. Ааваасаа дууны тал дээр их юм суралцдаг. Манай аав их гоё дуулдаг. Адарсүрэн гуайн дууг их гоё дуулна.

-А.Өсөх-Ирээдүйн эгч А.Түмэнхишиг: Гэрт зурагтаар сонсох дуртай дуу явахаар аав, ээж дүү нар бүгдээрээ хамт дуулаад л яг тоглолт хийж байгаа юм шиг л байдаг. Манай гэрт чимээгүй үе гэж бараг байдаггүй шүү. Зурагтаар дуу явангуут аав “Энэ дууг миний хүү дуулмаар юм байна шүү. Энийг нь хамт дуулмаар юм байна шүү” гээд л. Дандаа дуу хуур ярьж байдаг эгэл жирийн малчин айл. Малчин хүмүүсийн ажил өглөөнөөс эхлээд орой хүртэл дундардаггүй шүү дээ. Малын ажлаа хийж байхдаа хүртэл бүгд дуу аялаастай.

А.Өсөх-Ирээдүйн ах А.Өлзийбуян: Хотод хүмүүс таниад байхаар олны танил болчихсон ч юм шиг эхэндээ ичиж байсан. Одоо дасаж байна/инээв/. Увсад очихоор танихгүй хүн гэж бараг байхгүй. Ялангуяа Өсөхөө бид хоёрыг хамт явахаар “Хоорондоо ямар адилхан юм” гэдэг. Заримдаа Өсөхөөтэй намайг андуурна. “Нөгөө Булдруу чинь ийм том болчихсон юм уу” гээд л/инээв/.

-Тоглолтын бэлтгэл ажил гээд нэлээн завгүй байна уу? 

А.Түмэнхишиг: Бид гурав тавдугаар сарын 20-нд Увс аймагтаа тоглолтоо хийнэ. Мөн удахгүй өөрсдийн шинэ уран бүтээлтэй болох гэж байгаа. н.Цэрэнтогтох ахын шүлэг, н.Амгалантогтох эгчийн ая аав, ээжийн тухай дуу. Бид гурав аав, ээждээ зориулж хийж байгаа юм. 

-Өмнө нь бас дүү нартайгаа хамтарсан тоглолт хийж байсан гэсэн?

-Тийм ээ. 2017 онд бид гурав Увс аймагтаа тоглолтоо хийсэн. Өсөхөө жаахан байсан болохоор дууныхаа үг эсвэл аяыг нь мартчихна. Бадгийг нь сольж дуулна. Тиймэрхүү хөгжилтэй зүйлс их тохиолдоно. Тэр болгоны дараа тайзны ард гараад “Чи сая ингээд алдчихлаа. Буруу дуулчихлаа” гээд л нэгнээ шоолоод, алдаагаа засаад явдаг.

-Ярилцлагын төгсгөлд та гурвыг дэмждэг, сонсдог хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

А.Өсөх-Ирээдүй: Нутгийн зон олон болон үргэлж дэмждэг аав, ээж, эмээ өвөө бүгдэд нь маш их баярлалаа. Бид гурав цаашдаа ч гэсэн илүү их уран бүтээл гаргана. Бид гурав аав, ээжийнхээ төрсөн нутаг болох Тэс суманд ч мөн тоглолтоо хийнэ. Та бүхнийг ирж үзэхийг урьж байна.

А.Түмэнхишиг: Увс нутгийнхаа ард түмнийг бидний тоглолтыг ирж үзээрэй гэж хэлмээр байна. Мөн хөдөө байгаа аав ээж, бүх хамаатан садандаа баярлалаа гэж хэлье. Бид гурвыг дэмждэг хүмүүс маш их байдаг. Тэр бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.