А.Ариунзаяа: Уурхайчдын шаардлагын хүрээнд гурван талт үндэсний хороо маргааш хуралдана

А.Ариунзаяа: Уурхайчдын шаардлагын хүрээнд гурван талт үндэсний хороо маргааш хуралдана

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо (ХНТГТҮХ)-ны баталсан аргачлалаар уурхайчдын илүү цагийн хөлсийг тооцохгүй байгаа нь асуудал дагуулаад байгаа билээ. Тиймээс ч Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчнй эвлэлийн холбоо болон зарим байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ХНТГТҮХ-г яаралтай хуралдуулж, Цалин хөлс тогтоох аргачлал өөрчлөлт оруулахыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяагаас шаардсан билээ. 

Тэгвэл А.Ариунзаяа сайд ХНТГТҮХ-г маргааш буюу Лхагва гарагт тус хурлыг хуралдуулна гэдгээ өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ.  Тэрбээр энэ талаар "Гурван талт үндэсний хороо энэ Лхагва гарагт хуралдана. 20/10-аар ажиллаж байхдаа өдрийн 8+4=14; 14/14-өөр ажиллаж байхдаа 8+4=12 цаг бодогдоод байгаа асуудлыг компани байгууллага түүвэрлэж судалж байна.

Зарим нь үндсэн цалингаа бууруулаагүй хэвээр олгож байгаа юм байна. Зарим нь шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувь бүр нэмэгдсэн юм байна. Зарим нь 25 хувь цалин буурсан. Зарим нь бүр цалин 40-50 хувь буурсан байна шүү.

Хамтын хэлэлцээр, гэрээ ч сайн хийгдсэн нэг байхад, нөгөө талдаа хийгдсэн гэрээ мөрдөхгүй байгууллага ч байна. Зарим уурхайчин 25 хувь цалин буурахыг хүлээн зөвшөөрч байна гэж байхад, зарим нь цалин буурна гэж хэлээгүй шдээ, 14/14 л болгохыг зөвшөөрсөн гэх. Заа ямар байсан хэдүүлээ илүү цагийн бодолтыг нэг ойлголтод хүргэх хэрэгтэй... Үндсэн цалингийн бодолт бас л маргаан дагуулах юм билээ дээ…" гэжээ.