М.Мөнхжаргал: Гал унтрааж яваад нүхэндээ багтахгүй толгойгоо чихээд зогсож байсан оготныг олж хараад аварсан /ВИДЕО/

М.Мөнхжаргал: Гал унтрааж яваад нүхэндээ багтахгүй толгойгоо чихээд зогсож байсан оготныг олж хараад аварсан /ВИДЕО/

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51, аюулт үзэгдэл, ослын хоёр дуудлагыг бүртгэжээ. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.4 тэрбум  төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Энэ үеэр нэгэн гал сөнөөгч хээрийн оготныг олж амийг нь аварсан талаарх гэгээлэг мэдээ олон нийтийн сүлжээнд гарсан.  Бид гал сөнөөгч М.Мөнхжаргалтай уулзаж өөрт нь тохиолдсон үйл явдлын талаар тодрууллаа. 

ВИДЕО: 

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач

-Сайн байцгаана уу. Намайг Мөнхсүлдын Мөнхжаргал гэдэг. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал сөнөөгчөөр есөн жил ажиллаж байна.

-Та ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хээрийн оготно аварсан тухайгаа өөрийн цахим хуудастаа бичсэн байсан. Тэр өдөр чухам ямар үйл явдал болсон юм бэ? 

-Тухайн үед бид ой хээрийн эргүүлээр явж байсан юм. "Хандгайтад шар өвсний түймэр гарч байна" гэсэн дуудлага ирсэн. Нийтдээ 12-15 га газар шатсан байсан. Тухайн гал гагнуурын очноос дэгдсэн. Галыг унтраахаар долоон хүн ажиллаж байсан. Галыг захаас нь унтрааж явж байгаад тухайн хулганыг олж амийг нь аварсан юм. Нүхэндээ багтахгүй шигдсэн байдалтай байсныг бид олж аваад аюулгүй талбайд тавьсан. Тухайн үед оготно айж бэргэсэн л байсан байх. 

-Хавар, намрын хуурай уур амьсгалд ой хээрийн түймэр гарах нь их. Ихэвчлэн хүмүүсийн үйлдлээс болж гал гардаг. Та хүмүүст юуг анхааруулж хэлэх вэ? 

-Ой хээрийн түймэр гарахад 15-20 км цаашлаад 50 км ч хамаагүй алхаж унтраадаг. Ихэнх ой хээрийн түймэр иргэдийн санамсаргүй үйлдлээс болдог. Татсан тамхины ишээ хаях, ил гал гаргаж байгаад тэрийгээ орхиод явдаг. Мөн байгаль орчинд хог хаяснаас болдог. Ихэвчлэн шил хаяснаас болдог шил нь халуун наранд линзлэгдээд тухайн газрыг халалтаасаа шалтгаалаад шатааж эхэлдэг.

- Гал түймэрт амьтад хэр их өртдөг вэ?

-Хүмүүсийн анзаараагүй үйлдсэн буруутай үйлдлээс болж ан амьтад ихээр үрэгдэж байгаа. Ойд болон тал хээр газар гал гарлаа гэж бодоход хамгийн эхэнд  том амьтад амиа хамгаалж зугтдаг. Харин амьдтын үр төл, зулзаганууд хамгийн их галд өртдөг.

-Есөн жил гэдэг богино хугацаа биш шүү дээ. Таны хувьд албан үүргээ гүйцэтгэж явахад тохиолддог хамгийн сэтгэл эмзэглүүлэм үйл явдал нь юу байв?

-Гэр орон эд хөрөнгө нь шатаад орох оронгүй үлдэж байгаа хүмүүс л хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг дээ. Амьтдын хувьд мөн ялгаагүй хэцүү байдаг. Гал түймэр гэдэг чинь маш их хор хөнөөлтэй аюултай зүйл шүү дээ.

-Гал түймэр ихэвчлэн хүмүүсийн санамсаргүй үйлдсэн буруутай үйлдэлээс болдог гэлээ. Одоо гал гарах идэвхтэй үе байгаа учир өдөр бүр гал гарч байна. Та иргэдэд хандаж зөвлөгөө өгөөч?

-Хаврын хуурайшилтын үед ойн хээрийн бүсэд ямар нэгэн байдлаар татсан тамхиныхаа ишийг хаяхгүй байх, ил гал гаргахгүй байх, хогоо ил задгай хаяхгүй байх, мөн зургаан сарын 10-н хүртэл гагнуур битгий хийгээрэй гэж хэлмээр байна.  

-Мэргэжил болгон амаргүй. Тэр дундаа гал сөнөөгч гэдэг эрэсдэлтэй хүнд ажил. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би Онцгой байдлыг ерөнхий газрыг хүний эрдэнэт амь авардаг. Өмч хөрөнгийг хамгаалдаг. Нигүүлсэнгүй буянтай байгууллага гэж боддог. Би бас хүмүүст туслах дуртай. Тийм учраас энэ албыг сонгож ажиллаж байгаа.

-Галын яаралтай дуудлага ирээгүй үед юу хийдэг вэ?

-Бэлэн байдалд байх ёстой. Ажиллаж байх явцад тоног төхөөрөмжинд асуудал гаргахгүй байхын тулд бүх тоног төхөөрөмжөө арчиж цэвэрлэж хянаж байдаг юм. Бид нар одоо цэвэрлэгээ үзлэгээ хийж байна. Ингээд байж байхад шуурхай дуудлага ирвэл бид бүх юмаа хураагаад л яаралтай хөдөлнө.

-Ажилтай байх үед нь ар гэрт нь чухал үйл явдал тохиох 24, 48 цагаар байхгүй байх тохиолдол их байсан байх. Энэ үед гэр бүлийнхэн нь яаж хүлээж авдаг вэ?

-Бид үүрэг хүлээсэн, Онцгой байдлын алба хаагчид ард түмнийхээ эрүүл мэнд, амгалан байдал, газар шороогоо хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг учраас гэр бүлийн хүмүүс бүгд ойлгодог. Бидний ар гэр ер нь адилхан "Орой ирэхгүй юм уу. Ийм баяр тийм баяр, хүүхэд ингэлээ" гэх мэт ямар ч асуудлыг алба хааж байх хугацаанд хэлдэггүй. Ар гэр аж амьдралаа маш сайн авч явдаг эхнэр, ээж , аавтай байдаг даа.

-Танд баярлалаа. 

-Та бүхэнд бас баярлалаа.