БНСУ-ын Жэжү, Яньяны арал руу визгүй зорчиж эхлэх хугацаа тодорхой болоогүй байна

БНСУ-ын Жэжү, Яньяны арал руу визгүй зорчиж эхлэх хугацаа тодорхой болоогүй байна

Энэ сарын 04-ны өдөр /2022.05.04/ БНСУ-ын Засгийн газар ирэх зургадугаар сарын 1-ээс эхлэн Жэжү, Яньяны олон улсын нисэх буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсноо зарласан гэх мэдээлэл гарсан. 

Гэхдээ зөвхөн тав болон түүнээс дээш тоотой бүлэг жуулчин 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрхийг олгож байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын иргэд БНСУ руу аялахдаа визгүй зорчихоор хоёр улсын Засгийн газар тохирсон нь үнэн ч зургадугаар сарын 01-ны өдрөөс эхлэхгүй гэж Яньяны нисэх онгоцны буудлын захирал Ким Тэ Сү мэдэгдсэн байна. Учир нь хамгийн ойрын нислэг зургадугаар сарын 24-ны өдөр товлогджээ. Мөн Улаанбаатар руу нислэг үйлдэх зөвшөөрөл гарсны дараа болох аж. 

Байгаль орчны, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ өдрүүдэд БНСУ-д ажиллаж байгаа бөгөөд тэрбээр " Визгүй зорчих эхний шийдвэр гарсан. Гэхдээ Гадаад харилцааны яам хооронд харилцан шийдвэрлэх асуудал бий. Түүнд хугацаа шаардлагатай. Зөвшилцлийн ажлууд хийгдэж байна гэсэн үг. Визгүй зорчиж эхлэх хугацаа тодорхой болоогүй байна. Ковидын дараах эдийн засгийн сэргээхийн тулд хоёр улс харилцаж хичээж байна" гэжээ. 
 

Жэжү аралд дэлхийн 24 улсаас бусад бүх улсын иргэн 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих журам 2002 оноос хойш хэрэгжиж байсан. Гэвч цар тахлын улмаас уг журмыг 2020 оны хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн түдгэлзүүлээд байв. Харин Яньян нисэх онгоцны буудал нь Канвонь аймагт байрладаг. Засгийн газрын уг шийдвэрийг дагаад мэдээж тус бүс нутгуудад хяналт, шалгалт нэмэгдэнэ гэдгийг орон нутгийн хэвлэлүүд бичжээ.