“Эрдэнэт үйлдвэр”-ээс 300 мянган төгрөгийн шатахуун хулгайлсан О-д НЭГ жил зорчих эрх хязгаарлах ЯЛ оноожээ

“Эрдэнэт үйлдвэр”-ээс 300 мянган төгрөгийн шатахуун хулгайлсан О-д НЭГ жил зорчих эрх хязгаарлах ЯЛ оноожээ

ОХУ-ын хаалттай хувьцаат нийгэмлэгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Зимин Алексей Владимировичээс олон удаагийн үйлдлээр 4,3 тэрбум төгрөгийн хахуул авсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч дарга асан З.Ганбаатарт шүүхээс ЗУРГААН сар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой бас нэгэн хэргийг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр дэнсэлжээ.

Тодруулбал, Д.О нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т Баяжуулах үйлдвэрлэлийн засварын хэсэгт жолоочийн ажил үүргийг хийж гүйцэтгэж байхдаа 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан 160 литр дизель түлшийг завшиж, Эрдэнэт үйлдвэрт 305 мянга 604 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  Тухайн гэмт хэрэгт холбогдсон О нь шүүх хуралдаанд “Манай эхнэр харшилтай болоод 2 жил болж байгаа бөгөөд Архангай аймгийн Чулуутын голд харшлын халуун рашаан эмчлүүлж байгаа юм. Эхнэр лүүгээ явах шаардлагатай хэрэг гараад ийм явдал болчихлоо” хэмээн мэдүүлж, буруугаа хүлээсэн байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрээс завшсан 160 литр дизель түлшээ эргүүлэн өгч, байгууллагыг хохиролгүй болгожээ.

Шүүх шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө