"Новороссия андууд нийгэмлэг" ТББ-аас зохион байгуулсан жагсаалд ШУТИС-ийн оюутнуудыг "хүч"-ээр оролцуулжээ

"Новороссия андууд нийгэмлэг" ТББ-аас зохион байгуулсан жагсаалд ШУТИС-ийн оюутнуудыг "хүч"-ээр оролцуулжээ

"Жуков"-ын талбайд энэ сарын 8 /2022.05.08/-ны өдөр зохион байгуулсан "Мөхөшгүй хороо" жагсаал олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөөд байна. Учир нь ОХУ нь Украин руу цэргээ оруулж, тус улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд нь ноцтойгоор халдсан тул Дэлхийн олон улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг авч буй.

Гэтэл манай зарим дарга нар эгзэгтэй энэ цаг үед ОХУ-ын цэрэг дайны үйл ажиллагаа дэмжиж байгаа мэт арга хэмжээг зохион байгуулах "зөвшөөрөл өгсөн" нь манай улсыг АНУ болон Европын орнуудын хоригт оруулах эрсдэлтэй боллоо хэмээн олон иргэд шүүмжилж байна.

Мөн Оросын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уг арга хэмжээг Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз  /МҮОНРТ/ дамжуулсан нь төрийн түвшиндээ дайныг дэмжиж буй агуулгыг илтгэнэ гэж хардах хүмүүс байгаа юм. 

Тэгвэл дээрх жагсаалыг "Новороссия андууд нийгэмлэг" ТББ-аас зохион байгуулсан талаар эх сурвалж мэдээллаа. Тус Төрийн бус байгууллага /ТББ/-ыг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, нийгмийн олон талт үйл ажиллагаа явуулах, холбогдох байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан байна. Тус байгууллагын хувьцаа эзэмшигчээр Бадрахын Батболд, Лхүнбэнгийн Эрдэнэтуул нарын иргэд бүртгэгджээ. Харин Удирдах зөвлөлийн даргаар Лхүнбэнгийн Эрдэнэтуул ажилладаг аж. 

Новороссия андууд нийгэмлэг ТББ-ын УБЕГ-ын мэдээлэл

Харин "Новороссия андууд нийгэмлэг"-ээс зохион байгуулсан дээрх жагсаал ШУТИС-ийн оюутнууд оролцсон нь мөн олны анхаарлыг татаж буй.

Оюутнуудыг зүгээс жагсаалд оролцох хүсэл сонирхолгүй байсан боловч багш нь албадлагын шинжтэйгээр оролцуулсан гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл энэ талаар ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзоригоос тодруулахад "Энэ талаарх надад мэдээлэл алга байна. Цахим сүлжээнд явсан зургийг бол харсан. н.Мөнхтуяа багш оюутнуудыг жагсаалд оролцуулсан талаар ч сайн мэдэхгүй байна. Тухайн багш нар манай сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан" гэх мэдээллийг өглөө.