"АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх" эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УДШ-ийн шүүгчдийн "хэн нь түүний хүн бэ” гэдэг бүртгэл явагдана гэв

"АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх" эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УДШ-ийн шүүгчдийн "хэн нь түүний хүн бэ” гэдэг бүртгэл явагдана гэв

О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгээгүй тул тус намын зарим гишүүн нийлж намын даргыг сонгох сунгааг дахин зарлан, "Ерөнхийлөгч асан Х.Баттулга 110 мянга гаруй гишүүдийн саналыг авч 96 хувийн саналаар ялалт байгууллаа" гэж зарласан. Харин тэдний хэлсэн тоо болон мэдээлэл үнэн эсэхийг хэн ч шалгах боломжгүй байгаа юм.

Сануулахад, Өнгөрөгч гуравдугаар сар /2022.03/-д зарласан АН-ын даргын сунгаанд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Гэвч энэ үеэр Улсын дээд шүүх /УДШ/ С.Эрдэнэ даргатай АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсан тул Ж.Батсуурь “сунгаа хууль бус” хэмээгээд нэрээ татсан. Харин Дөрөвдүгээр сарын 13 /2022.04.13/-ны өдөр Х.Баттулга өөрийгөө АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүх /УДШ/-д материалаа хүргүүлсэн. Гэсэн хэдий ч УДШ дээрх асуудлаар шийдвэр гаргаж чадалгүй сар орчмын хугацаа өнгөрөөд байна.

-АН-ЫН ДАРГААР Х.БАТТУЛГЫГ БҮРТГЭСЭН ТОХИОЛДОЛД ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛНО-

Тэгвэл Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлаар УДШ-ийн шийдвэр хойшилж байгаа нь хэд, хэдэн шалтгаантай аж. Тодруулбал, Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхдээ хүрвэл С.Эрдэнэ даргатай АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн өмнөх шийдвэрээ хүчингүй болгох шаардлагатай болно. Нөгөө талаар АН хоёр хуваагдаж, тус тусдаа намын даргатай болсноос хойш хоёр удаагийн төрийн сонгууль оролцсон байна. Тодруулбал, 2021 оны зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн, аравдугаар сард болсон УИХ-ын нөхөн сонгуульд хоёуланд нь С.Эрдэнэ даргатай АН-аас нэр дэвшигчид оролцсон байдаг.

Тэгэхээр өнөөдрийг хүртэл хууль ёсны нэг л АН байгаа гэсэн үг. Иймд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэсэн тохиолдолд дээрх хоёр сонгуулийн дүнг хүчингүй болгох шаардлагатай тулгарна.

Гэвч “Болохгүй юм гэж байдаггүй, чадахгүй юм л гэж байдаг” гэдэг үг УДШ-ийн шүүгчдийн өмнө ирээд байгаа бололтой. Учир нь Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх асуудал АН-ын дотоод хэрүүлээс хальж эрх баригч МАН-ын томчууд энэ хэрүүлд оролцож магадгүй болжээ. Гэхдээ энэ нь тэд Х.Баттулгыг АН-ын даргад дэмжинэ гэсэн үг биш юм. Харин энэ байдлыг ашиглаад Х.Баттулгын “халаасны” гэгддэг шүүгч нараас салахын түүс болж байгаа талаар эх сурвалж хэллээ. Тодруулбал, МАН-ын хувьд АН-ын дарга хэн байх нь хамаагүй. Харин УДШ-ын хэн гэж шүүгч уг асуудал дээр ямар байр суурь илэрхийлэхийг анхааралтай харж байгаа аж.

Товчхондоо, Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэсэн тохиолдолд УДШ-ийн танхим бүрэлдэхүүнээрээ огцорч мэдэхээр болоод байгаа аж.

Мөн УДШ-ийн танхимын шинэ тэргүүний нэр ч гэсэн сонсогдоод эхэлжээ. Хамгийн түрүүнд УДШ-ийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Х.Баттулгатай таарч тохиролгүй ажлаа өгсөн гэдэг эмэгтэй шүүгчийн нэр ч сонсогдож байгаа аж. Харин одоо байгаа нэгэн шүүгчийн хувьд Х.Баттулгын томилгоогоор энэ албан тушаалд ирсэн, түүнийхээ төлөөсийг хангалттай төлсөн гэдэг утгаараа хамгийн түрүүнд чөлөөлөгдөж таарна. Түүнийг явуулахдаа хүрвэл ганцааранг нь явуулахгүй нь бололтой.