Н.Мандуул: Хуулийн байгууллагуудтай хамтран Чингис хаан банк дээр үүссэн өрийг эргэн төлүүлэхээр ажиллана

Н.Мандуул: Хуулийн байгууллагуудтай хамтран Чингис хаан банк дээр үүссэн өрийг эргэн төлүүлэхээр ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкнаас хуримтлуулсан хөрөнгөөр “Самурай” бондын эргэн төлөлтийг хийхээр болсон талаар бид мэдээлсэн. Энэ талаар тус банкны захирал Н.Мандуул мэдээлэл өгөв.

Тэрбээр “Самурай бондын эргэн төлөлтийн гуравны нэгийг ямар ч гэсэн Монголбанк дахь тусгай дансанд байршуулаад байна. Мөн бонд эзэмшигч нартай хэлэлцээ эхлүүлсэн байна. Мэдээж зах зээлийн ханшаараа эргэн буцаан худалдан авах хэлэлцээрийг цаашид хийгээд явна. Чингис хаан банкны хувьд Хөгжлийн банкнаас хадгаламж байршуулсан гэрээ бий. Хадгаламж байршуулахад банкны хуулийн дагуу бүх процесс явдаг. Хөгжлийн банкны зүгээс сүүлд нь нэмэлт барьцааны гэрээ хийж зарим нэг үл хөдлөхийн шаардах эрхийг Хөгжлийн банк дээрээ авсан байдаг. Сая асуусан шиг зооринд байхгүй. Бид шүүх, хууль хяналтын байгууллагатай хамтран Чингис хаан банкан дээр үүссэн өр төлбөрийг эргэн төлүүлэх дээр ажиллана.

Нийт зээлийн багцыг бид гурав хувааж авч үзэж байгаа. Бид бүх талуудтай хэлэлцээ хийж байна. Хувийн хэвшил ялангуяа, төслөө зориулалтаар нь ашиглаад, төсөл нь хэрэгжиж байгаа зээлдэгчидтэй уян хатан харилцах талаас нь ажиллаж байна. Эргэн төлөлт дээр янз янзын санал ирж байна. Мэдээж дараагийн хэлцэлд орж гэрээгээ шинэчлэхийн тулд банкны зүгээс магадлан шинжилгээ хийх ёстой. Тэгэхээр зарим зээлдэгч нар дээр бид нэмэлт магадлан шинжилгээ хийнэ. Зургадугаар сарын 30-нд бид хагас жилийн тайлангаа гаргах ёстой. Тэр хүртэл бид ямар ч байсан төрийн өмчит компаниудын чанаргүй зээл дээр шийдвэр гаргуулж, ажиллагаа хийх ёстой болно. Энэ жилдээ 800 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэх ёстой.

Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлөлт дээр дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг ямар нэгэн барьцаа хөрөнгө хураах ажиллагаа хийхгүй.

УИХ-ын гишүүн асан Г.Ундармаагийн “Гантиг Вилла” орон сууц битүүмжтэй байгаа. Хууль хүчний байгууллагаас тодорхой битүүмж тавьсан. Зээлдэгчийн зүгээс манай банктай хамтарч ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн. Банкны хувьд “манай зээлийн эргэн төлөлтийг хангах хэмжээний барьцаа хөрөнгө дээр бид ажиллагаа хийж болно” гэсэн саналыг тавьсан. Урьдчилсан тооцоогоор “Гантиг Вилла” хотхоныг бүхэлд нь манайх барьцаа болгож, хураан авах зүйл байхгүй” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: