ЭМДЕГ өрөнд хураагдсан хөрөнгийг зарах журмаа “нууцалж”, ажилчдадаа “Central Mall”-той орон сууцыг 2.6 сая төгрөгөөр заржээ

ЭМДЕГ өрөнд хураагдсан хөрөнгийг зарах журмаа “нууцалж”, ажилчдадаа “Central Mall”-той орон сууцыг 2.6 сая төгрөгөөр заржээ

Эрүүл мэндийн даатгалын сангийн өрөнд Капитал банкнаас хураасан орон сууцыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилчдадаа худалдан борлуулсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна.

Тодруулбал, ЭМДЕГ Капитал банкнаас ямар орон сууцыг өрөндөө авч, хэдэн төгрөгөөр зарав, ингэхдээ байгууллагынхаа албан хаагчдад давуу байдал бий болгосон уу гэх хардлага байгаа. Тэгвэл ЭМДЕГ Капитал банкнаас Эрүүл мэндийн даатгалын сангийн өрөнд хэд хэдэн барилга байгууламж авснаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эмнэлгийн ойролцоо байрлах “Central Mall”-той орон сууцнаас 63-76 метр хүртлэх байрыг ажилчдадаа заржээ.

ВИДЕО:

Тодотговол ЭМДЕГ нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан 11 дүгээр тогтоолын дагуу дээрх орон сууцнаас ажилчдадаа худалдан борлуулсан байна. Ингэхдээ орон сууцны 1мкв-ыг нь 2 сая 630 мянган төгрөгөөр банкны зээлд хамруулан заржээ. Тухайн байрны энэхүү үнэлгээг Капитал банкны хөрөнгийг хураах үед буюу 2021 оны есдүгээр сард “Дамно” ХХК тогтоосон аж. Харин тухайн байрны өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 2 сая 900 мянган төгрөг болсон байна.

-САНГИЙН АВЛАГАД АВСАН ОРОН СУУЦЫГ ЭМД-ЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД БОЛОН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ШУУД ЗАРЖ БОЛНО ГЭХ ЖУРМЫГ ӨНГӨРСӨН ОНЫ 12 САРД БАТАЛЖЭЭ-

ЭМДЕГ яагаад орон сууцыг ажилчдадаа худалдав, ингэхдээ давуу байдал үүсгэсэн эсэх талаар тус газраас тодруулахад “ЭМДҮЗ-ийн 2021 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан ЭМД-ын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслэх, худалдан борлуулах журмын 6 дугаар зүйлийн 6.37 дахь хэсэгт “ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд зах зээлийн ханшаар банкны зээл болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ хүрээнд авлагад хураагдсан 29 орон сууцнаас ипотекийн зээлд хамрагдах боломжтой буюу 80 м.вк-аас доош хэмжээтэй 19 орон сууцыг худалдан борлуулахаар худалдах, худалдан авах гэрээг байгуулаад байгаа. Өнөөдрийн байдлаар 5 иргэний ипотекийн зээл шийдвэрлэгдсэн. Дээрх байруудаас удирдах албан тушаалтан байр худалдаж авсан хүн байхгүй. Харин үйлчлэгч, мэргэжилтэн, төрийн үйлчилгээний ажилтнууд л худалдан авсан” гэх хариултыг өглөө. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл “Үндэсний зөвлөлөөс гаргасан журамд заавал өөрийн ажилтнууд гэж заагаагүй” гэдгийг байнгын хорооны хурлын үеэр мэдэгдсэн юм.

-ЭМДҮЗ-ИЙН 11 ДҮГЭЭР ТОГТООЛЫГ ЯАГААД “НУУЦЛАВ”-

Харин ЭМДЕГ Капитал банкнаас өрөндөө авсан орон сууцыг худалдан борлуулах гэж байгаа болон ЭМДҮЗ-ийн “ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд зах зээлийн ханшаар банкны зээл болон бэлэн мөнгөөр худалдан борлуулна” гэх тогтоолын журмыг яагаад олон нийтэд мэдээлсэнгүй вэ гэдэг нь анхаарал татаж буй юм. ЭМДЕГ Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол журмыг өөрийн байгууллагын албан ёсны вэб хаягтаа нийтэлдэг ч дээрх 11 дүгээр тогтоолыг нийтлээгүй өнөөг хүрсэн нь “ЭМДЕГ Эрүүл мэндийн даатгалын сангийн өрөнд хураагдсан орон сууц, үл хөдлөх хөрөнгийг “нууц”-аар өөрсдөө авах гэж байв уу гэх хардлагыг төрүүлж буй юм.