Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалж “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг хэрэгжүүлж буй.
Энэхүү аяны хүрээнд 2022 оны хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг өглөөний 06.30-07.30 цагийн хооронд иргэд үнэ төлбөргүй ашиглах боломжтой болсон.
Сүүлийн үед тус аяны зорилго, үйл ажиллагаа бүдгэрч зарим аймаг, сумдад огт хэрэгжихгүй байгаа гэх мэдээлэл бий. Тухайлбал, аян эхэлсэн эхний 14 хоногт сумдын байгууллагууд ажилчдаа идэвхтэй хамруулж байсан ч одоо хэрэгжүүлэхгүй байгаа аж.
Энэ талаар БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн гхэлтсийн дарга О.Баасангаас тодруулахад "Бид өдөр бүр аймгуудын Биеийн тамир, спортын хорооноос дүн мэдээ авдаг. Уг аян хэрэгжиж байгаа. Сүүлийн үед хүмүүсийн идэвх буурсан байхыг үгүйсгэхгүй. Хүмүүс сайн дураар хамрагдаж буй учраас хийх нь хийгээд хийхгүй нь хийхгүй байгаа байх. Тавдугаар сарын 01-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 916 мянган иргэн уг аянд хамрагдсан. 268 заал, 39 фитнесс клуб, 155 гадаа талбай, 36 бүжгийн клуб, 8 бассейн, 1597 цэгт үнэ төлбөргүй иргэдэд үйлчилсэн. Санхүүжилт нь 30 сая төгрөг байсан. Энэ мөнгөөр бид багш нарын цалин болон тоног төхөөрөмжийн зардал бусад хүмүүсийнхээ хөдөлмөрийн хөлсийг төлсөн.
Уг аяныг амжилттай хэрэгжсэн гэж үзээд дахин зургаан сараар сунгаж арванхоёрдугаар сарыг дуустал хэрэгжүүлэхээр болсон. Энэ сарын 28-ны өдөр "Автомашингүй өдөр" болж "Улаанбаатар марафон 2022" болно. Энэ үеэр бид уг аянаа зургаан сараар сунгаж буйгаа зарлахаас гадна заалны хаалтаа хийж гадаа талбайд иргэдийг хамруулах нээлтээ хийнэ" гэсэн юм.