СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Олон нийтийн WiFi сүлжээ бүү ашигла

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Олон нийтийн WiFi сүлжээ бүү ашигла

Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байна. Тиймээс иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусад этгээдэд хувь өгөх хэлбэрээр хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө болгон гаргаж өгөх зэрэг үйлдэлд анхаарал сэрэмжтэй хандана уу. Хэрэв та бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай болохыг анхаарах ёстой Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулсан. 

Харин Хаан банкны хувьд доорх зөвлөгөө мэдээллийг өгчээ. 

  • Гар утсанд тань ирсэн кодыг хэнд ч бүү дамжуул

Үүний нэг жишээ нь олон нийтийн сүлжээгээр хүмүүсээс утасны дугаарыг нь асуусны дараа мессежээр ямар нэгэн код ирсэн бол явуулж өгөхийг хүсэж, ингэснээр тухайн хүний интернэт банк, и-мэйлийн нууц үгийг сэргээн авч банкны болон бусад данс руу нь халдах халдлага юм. Иймд харилцагч та бүхэн сэрэмжтэй байж, хэн нэгэн таньдаг хүн тань олон нийтийн сүлжээгээр танаас мөнгө зээлэхийг хүсэх эсвэл утасны дугаар асуусны дараа танд мессежээр ямар нэгэн код ирсэн бол явуулж өгөхийг хүсэх тохиолдолд та тухайн кодыг дамжуулж огт болохгүйг анхаарна уу. Мөн банкнаас ирүүлсэн нэг удаагийн нууц үг, нууцлалын код болон мессеж анхааруулга зэргийг ч  шаардлагатай үед нь ашиглаад устгаж хэвшээрэй.

  • Онлайнаар бараа захиалах болон хандивын аянд оролцохдоо болгоомжтой ханд

Онлайнаар бараа захиалах, хандив цуглуулах нэрийн дор залилагчид таны дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авахыг зорьдог. Иймд өмнө нь огт хандаж байгаагүй онлайн сайтаас захиалга хийхгүй байх, тухайн сайтыг сайтар нягтлах, мөн сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг шаардсан тохиолдолд оруулахгүй байхад анхаарах шаардлагатай. 

  • Олон нийтийн WiFi сүлжээ бүү ашигла 

Олон нийтийн үзвэр үйлчилгээний газрын WiFi сүлжээгээр дамжуулан банкны харилцагчийн  мэдээллийг хялбархан авах боломжтой тул олон нийтийн WiFi ашиглан интернэтэд холбогдсон үедээ Интернэт банк үйлчилгээг ашиглахгүй байхыг зөвлөж байна.Хэрэв зайлшгүй нэвтрэх шаардлага гарвал аппликэйшнд нэвтэрсний дараа заавал Log out хийн гарч байх хэрэгтэй.Баталгаат бус вэбсайт болон холбоосууд, мессежээр болон олон нийтийн сүлжээний чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж өөрийн мэдээлэл болон мөнгөө алдахаас сэрэмжлэхийг мөн зөвлөж байна.

  • Олон нийтэд зориулсан компьютер ашиглан хувийн сошиал хаяг руугаа нэвтрэхгүй байна уу

Өөр хүний гар утас, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмж ашиглан та өөрийн цахим хаяг, интернэт банк болон сошиал сүлжээнд нэвтэрсэн бол заавал Log out товчин дээр дарж, гараарай. Үүгээр зогсохгүй компьютер тоглоомын газар, интернэт кафе, номын санд байдаг олон нийтийн зориулалттай компьютерт өөрийн сошиал хаяг, эсвэл интернэт банк руугаа нэвтэрч орохгүй байхыг анхаарна уу. Мөн фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд хувийн нууцлалтай мэдээллээ Public буюу олон нийтэд харагдахаар тохиргоотой оруулахгүй байхад анхаараарай.