УУХҮЯ:  Олон улсын санхүүгийн корпорацтай ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

УУХҮЯ: Олон улсын санхүүгийн корпорацтай ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Олон улсын санхүүгийн корпорац Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай иргэд болон төрийн алба хаагчдын цахим боловсрол, ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр /2022.05.13/ байгууллаа.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар ОУСК-ын зүгээс нээлттэй өгөгдлийн шилдэг туршлагад суралцуулах техник туслалцааг УУХҮЯ-д үзүүлэх бөгөөд ингэснээр уул уурхайн салбарын талаарх орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээг хангах, орон нутгийн холбогдох албан тушаалтнууд болон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын одоо байгаа өгөгдөл мэдээллийг үр дүнтэй ашиглах цахим чадвар дээшлэх юм.

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан ил тод, хариуцлагатай уул уурхайг цогцлоохыг зорьж буй Монгол Улсын Засгийн газрын хувьд мэдээллийн хүртээмжтэй байдал онцгой ач холбогдолтой.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Өнгөрөгч онд уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 24 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, нийт экспортын 93 хувийг тус тус бүрдүүлсэн. Иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж цаашид амжилттай үйл ажиллагаа явуулахад тухайн орон нутгийн иргэд, олон нийттэй өгөгдөл мэдээллийг түлхүү солилцох явдал туйлын их чухал юм. Үүнээс гадна, урт хугацаат чанартай хөрөнгө оруулалтыг Монгол Улс өөртөө татах, тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийн зарчимд тулгуурлан цаашид хөгжин тэлэхэд энэ нь мөн чухал үүргийг гүйцэтгэнэ” гэв.

ОУСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлэхдээ “Уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг оролцогч бүх талууд хүртэхэд туслахын тулд үр дүнтэй ил тод байдлыг хангах, өгөгдөл, мэдээллийг ашиглах туршлага чухал юм. Энэ нь ялангуяа ажлын байр шинээр буй болгох, ханган нийлүүлэх боломжуудыг орон нутгийн ААНБ-д олгох зэрэг уул уурхайн салбарын эерэг үр нөлөө, мөн иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй байгаль орчин, нийгмийн боломжит эрсдэлүүд зэргийг орон нутаг бодитойгоор ойлгон таних боломжийг олгодог. Энэхүү санаачилгын үр дүнд хөрөнгө оруулагчид, орон нутаг хоорондын харилцан итгэлцэл бэхжиж Монгол Улсын уул уурхайн салбарын тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд тодорхой түлхэц болно гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.