ТАНИЛЦ: Нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг олгохдоо, Хятадын саналын дагуу олгодог болох хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ

ТАНИЛЦ: Нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг олгохдоо, Хятадын саналын дагуу олгодог болох хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ

Автотээврийн Үндэсний Төв /АТҮТ/-өөс улс хооронд ачаа тээвэрлэх “С” зөвшөөрлийг олгодог байсан.  Харин үүнийг өөрчилж  Шадар сайд, Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсантушаалаар “Хилийн Боомтын Үндэсний Зөвлөл”-өөс томилогдсон “Ажлын хэсэг”-ийн шалгалтад тэнцсэн компанийн тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрлийг олгож эхэлсэн. Ингэснээр Монголын Гашуунсухайт-Хятадын Ганц мод боомтоор нүүрс тээвэрлэж байгаа автомашины “С” зөвшөөрлийн хяналт сайжирч, үр дүнтэй болсон гэж буй.

-НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧ ТАЛЫН САНАЛААР “С” ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОДОГ БОЛОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРЬЖЭЭ-

Тэгвэл “Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах“ төслийг саяхан УИХ-д өргөн барьжээ. Гэтэл хуулийн төсөлд ноцтой хэд, хэдэн заалт оржээ.

 Үүнд;

  • 8.5-д “улс хоорондын уул уурхайн байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн Засгийн газар батална”,
  • 8.6-д “энэ хуулийн 8.5-д заасан зөвшөөрлийг уул уурхайн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн байдлаар уурхай бүрээр гаргасан экспортын бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээнд нийцүүлэн олгоно” гэсэн заалтыг оруулжээ. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Иймд саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх “С” зөвшөөрлийн олголтыг цаашид, “уурхайнууд борлуулалттай уялдуулж нүүрс худалдан авагч талын саналын дагуу тээвэрлэгч компаниудад олгоно гэж мэдэгдсэн байна. Ингэснээр улс хооронд нүүрс тээвэрлэх “С” зөвшөөрлийн олголтыг нүүрс худалдан авагч тал буюу Хятадын талын саналаар олгож эхлэх нөхцөл үүсэж болзошгүй болжээ.

Хэрэв ингэсэн тохиолдолд манайхаас нүүрс худалдан авдаг Хятадууд өөрсдийн хамаарал бүхий хөрөнгө оруулалттай тээврийн компанидаа давуу байдал олгож манай тээврийн компаниуд үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй ажээ.

Нөгөө талаар нүүрсний тээврийн үнэ тарифыг тээврийн компаниуд биш нүүрс худалдан авч байгаа Хятадууд тогтоодог байна. Мөн нүүрс тээврийн нийт автомашины 10 хүрэхгүй хувийг л үндэсний хөрөнгө оруулалттай тээврийн компаниудын тээврийн хэрэгсэл бүрдүүлдэг гэх мэдээлэл бий. Иймд нүүрс тээврийн салбарт баримтлах бодлогоо тодорхой болгож дотоодын хөрөнгө оруулалттай тээврийн компаниудаа дэмжихгүй бол уг зах зээлээс шахагдан гарах нь цаг хугацааны асуудал болж, нүүрс тээврийн салбар гадаадын хөрөнгө оруулалттай тээврийн компаниудаас 100 хувь хамаарах нөхцөл байдал үүсжээ.