Хөнгөн атлетикийн дэлхийн холбоо марафон гүйгч Бат-Очирын Сэр-Одыг онцолжээ

Хөнгөн атлетикийн дэлхийн холбоо марафон гүйгч Бат-Очирын Сэр-Одыг онцолжээ

Хөнгөн атлетикийн дэлхийн холбоо /World Athletics/-ны энэ зун АНУ-д болох хөнгөн атлетикийн ДАШТ-д зориулан албан ёсны цахим хуудсандаа орон орны онцлох амжилт гаргасан тамирчдын талаар нийтлэл гаргаж байгаа билээ.

2022 оны тавдугаар сарын 23-нд worldathletics.org Монголын марафон гүйгч Бат-Очирын Сэр-Одын талаар томоохон нийтлэл гаргажээ.

Хөнгөн атлетикийн ертөнцөд нэр хүндтэй Ирландын сэтгүүлч Катал Деннехи уг нийтлэлийг бичсэн байна. Спортын “хатан хаан” хэмээгддэг 110 жилийн түүхтэй, эгнээндээ 214  орныг гишүүнээр багтаасан манай гарагийн хамгийн томоохон олон улсын байгууллага WORLD ATHLETICS ийнхүү Монголын тамирчинг онцолсон нь яах аргагүй маш том нэр хүндийн хэрэг гэдгийг спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин онцлон дурджээ.

Монгол Улсын гавьяат тамирчин , Ази тивийн аварга, мөнгөн медальт, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт Бат-Очирын Сэр-Од нь 2003 оноос хойш хөнгөн атлетикийн ДАШТ -д тасралтгүй 9 удаа шалгаран оролцсон бөгөөд ирэх долдугаар сард АНУ-д болох ДАШТ-д оролцох болзлоо биелүүлж, марафон гүйлтээр 10 удаа ДАШТ-д оролцсон манай гаригийн анхны тамирчин болох юм.

Тэрбээр "Парис-2024" олимпийн наадамд оролцох шинэ зорилго тавиад байгаа бөгөөд хэрэв зорилгодоо хүрвэл зургаан олимпод оролцсон түүхэн дэх анхны марафонч болох аж.