Нийслэлийн 61 дүгээр сургуулийн сурагчийн хандивын аяны талаар тус сургуулийн захирал А.Мөнхчимэг болон охины ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Тус сургуулийн сурагч тархины хорт хавдрын онош тогтоогдож эмчилгээнд явжээ. Эмчилгээний зардалд 400 гаруй сая төгрөг шаардлагатай болсон учир тавдугаар сарын 8-нд хандивын тоглолт зохион байгуулж иргэдийн тусламж дэмжлэгээр 200 орчим сая төгрөг цуглуулсан. Мөн Чингэлтэй дүүргийн бүх сургуулийн багш нар тусалсан гэдгийг тэдний хэлж байв.
Өнгөрсөн долоо хоногт Г.Энх-Учрал охин Солонгос улс руу эмчилгээнд явсан бөгөөд хоёрдугаар шатны эмчилгээнд дахин 200 сая төгрөг хэрэгтэй болжээ. Энэ талаар Нийслэлийн 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг "Сурагч маань тархины хорт хавдрын оноштой эмчлүүлж байна. Солонгосын эмнэлгээс 420 сая төгрөг шаардлагатай гэсэн хариуг өгсөн. Эмчилгээнд явахын тулд олон ажил хөөцөлдөж өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьсон.
Одоогоор охины эмчилгээний зардлын тал нь цугласан. Гэвч дараагийн эмчилгээний зардлыг хамт олон, ард иргэдээс цуглуулахаас өөр аргагүй байгаа" гэв.
Охины авга эгч н.Гансарнай "Бид өвчний оношийг сонсоод нэг сарын хугацаанд хандивын аяныг зохион байгуулсан. Өөрсдийн хүч бололцоо нөөц, хамаатан садан, ах дүү, найз нөхөд, ажлын хамт олон зэрэг мянга мянган сайхан сэтгэлт хүмүүс энэхүү хандивт нэгдсэн. Хандиваар эмчилгээний зардлын 200 гаруй сая төгрөгийг цуглуулсан байгаа.
Солонгосын эмнэлгээс яаралтай ирж эмчилгээнд орохгүй бол нүд нь хараагүй болж хүндрэх эрсдэлтэй гэсэн хариу илгээсэн. Тиймээс эхний ээлжийн эмчилгээнийхээ мөнгийг цуглуулаад өнгөрсөн долоо хоногт ниссэн.
Дүүд маань мэс заслын дараах эмчилгээг яаралтай хийхгүй бол болохгүй гэж эмч нар хэлсэн. Тиймээс хандивын аяныг дахин зохион байгуулахаар боллоо.
Өмнөх хандивын тоглолтын пилетийг Чингэлтэй дүүргийн бүх сургуулийн багш нар худалдаж авч, эмчилгээний зардлын мөнгө амжилттай цугларсан" гэв.
Хандивын тоглолт тавдугаар сарын 29-ний Ням гарагт "UB palace"-д 14:00 цагаас болно гэдгийг хэлэв.