Саид Моллаин Азербайжанын төлөөх анхны барилдаан Монгол Улсад болно

Саид Моллаин Азербайжанын төлөөх анхны барилдаан Монгол Улсад болно

Ираны иргэншлээс татгалзаж Монгол Улсын иргэн болж, Токио олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдоч Саид Моллаи монголын иргэншлээ сольж, Азербайжаны нэрийн өмнөөс барилдах болсон. Саид Моллаи хэдий Иранд төрсөн ч азербайжан гаралтай гэдэг. Дээр нь ижилхэн исламын шашинтай тул Азербайжанд амьдарч, бэлтгэл хийхэд Монголоос илүү дөхөм гэж буй. 

Саид Моллаи, “Би сүүлийнхээ олимпод Азербайжаны нэрийн өмнөөс оролцох боломжтой болсондоо маш их баяртай байгаа. Парист би Токиогийн мөнгөн медалиасаа илүү амжилт гаргана гэж найдаж байна. Монголын жүдогийн шигшээ багт миний жинд маш сайн хоёр тамирчин байгаа. Тэдэнд олимпод оролцох боломж олгохыг би хүссэн. Азербайжаны өмнөөс барилдахад надад их тохирч байгаа. Яагаад гэвэл манай гэр бүл Азербайжан гаралтай. Би хэл, соёлыг нь мэднэ.  Монголын ард түмэн, Монголын жүдо бөхийн холбоонд баярлалаа” гэсэн байдаг.

Түүнийг дөрөвдүгээр сард Болгарын Софид болсон Европын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Азербайжаны өмнөөс барилдуулах гэсэн боловч бичиг баримтаа бүрдүүлж амжаагүй. Ирэх зургаадугаар сарын 3-5-нд болох Гүржийн Их Дуулгад оролцоно гэж байсан ч энэ удаад бэлтгэл дутуу гээд барилдахгүй болжээ.

Ингээд Азербайжаны жүдо бөхийн холбооноос Саид Моллаиг ирэх сарын 24-26-нд болох Улаанбаатарын Их Дуулга тэмцээнд барилдуулхаар болсон байна.

Улаанбаатарын Их Дуулгад оролцохоор түүний найз, Израилын жүдоч Мүки Саги мэдүүлгээ өгсөн байгаа аж. Иранд байхад ньСаид Моллаиг израиль тамирчинтай барилдахыг хориглодог байсан бол Монголд байхдаа тэр Сагитай огт учраа таараагүй гэдэг. Ингээд Саид Моллаид, Мүки Саги нарын анхны учраа, барилдаан Улаанбаатарт болох магадлал өндөр байна.